УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргээр яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн хэргийг өнгөрсөн есдүгээр сард Авлигатай тэмцэх газраас харьяаллын дагуу УМБГ руу шилжүүлэн шалгаж эхэлсэн юм. Харин УМБГ-аас өнгөрсөн 10-р сард мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж үзэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Гэвч түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурораас “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Х.Наранхүүгийн хувьд ямар учраас эл хэрэгт холбогдох болсныг товчхон сийрүүлбэл, “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй.
Эдгээр компанийн захирал Мягмаржаргал тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь түүний шүүх хурлын үеэр тогтоогдож байв. Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэтэл дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуул хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад үүрэг өгсөн байдаг. Харин тухайн үед Х.Наранхүү тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан нь ийнхүү шалгагдахад хүргэсэн билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ