Шүүх доторх шүүгчид хамгийн ардчилалгүй байна гэв
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд өнөөдөр “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад Хууль зүйн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч, их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож, шүүхийн байгууллагын шинэтгэлийн талаар өөрсдийн санаа бодлыг хуваалцлаа. Тус ярилцлагад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт нарын 50 орчим хуульч оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар “Чингис хаан сайн дүрэм журам гаргачихаад улсыг засаагүй. Тэрээр маш олон чадалтай хүмүүсийг энд тэнд томилж, тэд нар чиглэл чиглэлийн өөрсдийн хийж чадах ажлаа хийж байсан. Үүнийг Х.Тэмүүжин сайд анхаарах хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд манай доод шатны шүүгчид өөрсдийн дуу хоолойгоо энэ хууль эрхзүйн шинэтгэлд оруулж ирж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх дотор байгаа шүүгчид хамгийн ардчилалгүй байна гэсэн үг. Тэдний үгийг Хуульчдын холбоо, дарга хуульчид эрхзүйн шинэтгэлд тусгах хэрэгтэй. Х.Тэмүүжин сайдад хэлэхэд, та ирээдүйн хуульчиддаа хэдэн тамгатай цаас үлдээж болохгүй. Энэ цаас хөтөлбөрүүдийг УИХ-ын түвшинд хангалттай ярьж байгаа. Хамгийн гол нь та хууль зүйн салбарын бүх түвшинд хууль зүйн шинэ үзэл санааг тээсэн хүмүүсийг олшруулах хэрэгтэй” гэв.
Ямартаа ч, хуульчид 1998 оноос эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн тухай ярилцаж, Эрх зүйн шинэчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудал, цаашдын зорилгыг авч хэлэлцлээ.
Энэ үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлээс дараахь тодруулгыг авлаа.
-Өнгөрсөн хугацаанд манай улсад шүүхийн шинэтгэл хэдэн удаа хийгдсэн байдаг вэ?
-Шүүхийн шинэтгэлийг 1992, 2002 онуудад тус тус хийгдсэн. Харин энэ 2013 онд дахин хийхээр төлөвлөн эрхзүйч, хуульч нараасаа санал авч, шинэтгэлийн ажлыг боловсруулж байна. Энэ нь цаг хугацааны хувьд харьцангуй хол зайтай байгаа юм.
-Өнөөдрийн дугуй ширээний ярилцлагын онцлог юу вэ?
-Өнөөдрийн дугуй ширээний ярилцлага “Эрхзүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” гэх сэдвийн хүрээнд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан үндсэн хууль батлагдсан хугацаанд ямар шинэтгэл хийгдсэн талаар ярилцлаа. Мөн шинэтгэл хийж байгаа бол хэрхэн үнэлэх вэ, түүний арга зүй, арга хэлбэр ямар байх талаас нь хууль эрхзүйн мэргэжилтэн, судлаачийн хүрээнд тойрч санал бодлоо солилцлоо.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ