Н.Удвал: Будаг шунхгүй, амьдралын үнэнийг харлаа
Иргэний дуу хоолойг хурдан шуурхай хүргэдэг “Таксич” Хоовон хөх маань энэ удаад Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг урих хүсэлт тавьсаны дагуу сайдын ажлын цаг завыг тааруулан өнгөрөгч баасан гаригт “халтууранд” явах боломж тохиов. Монгол Улсын эрүүл мэндийн салбар гэх том ачааг нуруундаа үүрч, сайн муугаар хэлүүлж яваа сайдтай хамт явах боломж тохиосонд Хоовон хөх болзсон цагаасаа хоцрох вий гэсээр 11.00 цагт Эрүүл мэндийн яамны гадна зогсож байв.
6
Гэвч яамны гадаа такси удаан зогсож болохгүй гээд замын цагдаад хөөгдсөн тул арга эвийг олсоор Эрүүл мэндийн яамны баруун урд талд байрлах Хаан банкны өмнөх зогсоолд багтаад авав. Сайдын нэг өдрийн ажлын хуваарь маш шахуу байдаг тул 11.00-13.30 цагийн хооронд л амжиж “халтууранд” явах хугацаа байгаа гэдгийг сайдын туслах хэлсэн тул цаг хугацаа гэдэг маш үнэтэй байлаа. Гэвч сайд эмнэлгийн дарга нартай хийх уулзалт дуусдаггүй цаг явсаар л, сайд гарч ирээд “халтууранд” явахад өдрийн их бөглөөн дунд нэг ч гэсэн зорчигч олдох байгаа. За яахав аз мэдэг гэж Хоовон амандаа үглэсээр байв.
6
Хоовон догдлон хүлээсээр, бид ч хамтдаа хүлээсний эцэст 12.00 цагийн орчимд сайд гарч ирж байгааг утсаар мэдэгдэв. Замын бөглөрөл нэлээн байсан ч Н.Удвал сайдыг гарч ирэхэд Хоовон яг амжаад очлоо. Яамнаас сайдтай цуг гарч ирсэн эмнэлгийн дарга нар сайдыг таксинд суухыг хараад “Хүүе сайд аа, өөрийнхөө тэргэнд суухгүй. Таксинд яагаад суучихав” гэж уулга алдах нэгэн ч байв. Харин сайд би таксинд явдаг болсон ш дээ гэж хошигносноор Хоовон, Н.Удвал сайд хоёрын адал явдал эхэлж, бид ч тэдний араас хөдөллөө.
6
Хоовон яамнаас хойшоо чигээрээ хөдөлж, Гадаад хэргийн яам руу эргэж бид ч алдалгүй хойноос нь явсаар Багшийн дээдийн уулзвараар хойш эргэтэл автобусны буудлын цаахна нэг эмэгтэй гар өргөж харагдав. Тэр хавиар ер нь такси их зогсдог, зорчигчдоо булаалдах нь холгүй байдаг тул Хоовонг хоцорчих вий гэж санаа зовж байв. Гэвч угийн сэргэлэн Хоовон маань гараа өргөн зогсох зорчигчийг алдалгүй суулгадаг гэдгээ баталж, уран жолоодлогоор ойр хавьд нь байх машинуудаас өрсөн тэр зорчигчийг суулгаад авлаа.
6
Хоовон явсаар ШУТИС-ийн уулзвараар чанх хойшоо гарч, Хүнсний IV дэлгүүрийн уулзварыг өнгөрч Метромалл их дэлгүүрээр баруун эргэлээ. Тэгсэн эхний зорчигч маань Баянбүрдийн тойргийн автобусны буудал дээр буух байж. Зорчигчийг буухтай зэрэгцэн түүнээс сайдтай ярилцсан цөөн хоромд юу ярилцсаныг тодрууллаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн иргэн бөгөөд нэгэн барилгын компанид инженерээр ажилладаг гэнэ.
6ы
Г.Туяа: Эрүүл мэндийн даатгал барилгынханд үйлчилдэггүй
6
Яаруу ажил гараад такси барьтал Эрүүл мэндийн сайдтай таарчихлаа. Барилгын салбарынхан их осол гэмтэлд өртдөг талаар, эрүүл мэндийн даатгал хичнээн төлөөд ч барилгынханд үйлчилдэггүй гэдгийг хэллээ. Дүү маань сувилагч хүн, цалин хөлс нь нэмэгдэхгүй 300 мянгаас хэтрэхгүй байна. Хэзээ цалин нь нэмэгдэхийг асуулаа. Иргэн хүний хувьд Гэмтлийн эмнэлэгт болж байгаа асуудалд өөрийнхөөрөө анхаарал хандуулж яваа. Энэ талаар сайд өөрийнхөө зүгээс хэрхэн хандсан гээд олон л юм асуулаа. Ард түмний дунд ингэж сайд дарга нар явах их зүгээр юм байна. Дараа таардаг юм бол Барилга хот байгуулалтын яамны сайдтай нэг уулзаж, салбартаа хамаатай олон асуудлыг ярилцахсан гэв.
6
Түүний сэтгэгдэлийг сонсоод машиндаа хурдхан суулаа. Учир нь Хоовон сайд хоёр удаах зорчигчоо суулган Баянбүрдийн тойргоор эргэх гэж байгаа харагдав.
6
6
Ц.Наранбаатар: Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн
5
Тэд бөглөрөл дунд аажуухан урагшилсаар Бөмбөгөрийн автобусны буудлын наахна зогслоо. Бид ч яаран бууж зогчигчоос яриа авлаа. Тэрбээр “Сайдтай таараад өндөр сэтгэгдэлтэй байна. Таксинд ороод суусан чинь Эрүүл мэндийн сайд сууж байхаар нь их гайхлаа. Би Дундговь аймгийн Өлзийт сумын дунд сургуулийн багш Ц.Наранбаатар гэдэг хүн. Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн юм. Хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа. Хурдан шуурхай үйлчилдэг юм байна. Гэм нь мөнгө л их гарах юм гэдгийг сайдад хэллээ. Тэгсэн хаана, хэнээр эмчлүүлэх нь таны өөрийн чинь сонголт гэж сайд хэллээ” гэв.
6
Түүнтэй ярилцаад бид машиндаа суун цааш хөдөллөө. Зорчигчгүй яваа болохоор Хоовон, сайд хоёр нэлээн сайн ярилцаж яваа бололтой. Хоовон гараа савчин ярианыхаа амтанд орсон шинжтэй харагдана. Тэд дөрвөн замаар зүүн эргэн чигээрээ явсаар Цэцэг төвийн уулзвараар хойш эргэлээ. Энэ үед сайдын туслах залгаж, сайдын дараагийн уулзалт ойртож байна. Одоо ер нь яам руу дөхсөн нь дээр байх шүү гэв. Цагаа харвал хэдийнэ 12.40 цаг болсон байв. Явсан зам маань бага байсан ч хотын бөглөрөлд бид нэлээн сайн түгжирсэн нь энэ аж. Сайдын туслах утасдсан гэдгийг Хоовонд утсаар хэлэх гэж байтал Цэцэг төвийн буудлаас зорчигчид суулгачихсан тул залгахаа түр хойшлуулав. Хоовонд хэдэн төгрөгийн нэмэртэй, Сайдад ард иргэдээсээ сонсох үг нь чухал, зорчигчдод сайдаас мэдээлэл авах нь хэрэгтэй тул тэднийг дагахаас өөр аргагүй. Аз болоход хоёр зорчигч маань Гандангийн уулзварын наахна Петровис шатахуун түгээгүүрийн хажууханд буув.
7
5
Т.Энхтүвшин: Оюутнууд харъяаллын эмнэлэгтэй болсныг мэдэж авлаа
6
Зорчигч хоёр маань Хэнтий аймгийн Галшар сумаас ирсэн аав охин хоёр байлаа. Аав Т.Энхтүвшин нь оюутан болсон охиныхоо хичээл сургууль, амьдрах гэр орныг нь шийдэж өгөхөөр ирсэн аж.
5
Тэрбээр “Сайдтай таараад сайхан байна. Телевизээр л өмнө нь харж байсан. Хэлж ярьдаг зүйл нь гайгүй санагдаж, юм хийж байгаа хүн шиг санагддаг. Хэлж ярья гэснээ хэлж амжлаа. Оюутнууд харъяаллын эмнэлэгтэй болсныг мэдэж авлаа. Ард түмнийхээ дунд байгаад нь баяртай байна” хэмээн өгүүлсэн юм.
5
Гурав дахь зорчигчоо буулгасан тул сайдын туслах залгасан болохыг Хоовонд хэлж, бид Эрүүл мэндийн яамны зүг шууд хөдлөв. Цаг харвал хэдийнэ 13.10 болсон байлаа. Хотын төвийн түгжрэлд нэлээдгүй саатсаар бид Эрүүл мэндийн яамны гадаа ирэв. Тэгтэл ирэхэд хөөгөөд байсан цагдаа биднийг угтан зам чөлөөлөн яам руу эргэх боломжийг олгосон юм.
6
6
Сайд яамны арын хаалган дээр бууж, туслах нь уулзалтын цаг болж байна гэсээр угтав. Ард иргэдийнхээ дунд орж, Хоовонтой “халтууранд” явах ямар санагдсаныг сайдаас тодруулахад “Иргэдтэй уулзлаа. Энэ иргэд чинь их голтой юм байна аа. Яг л одоо яригдаж байгаа асуудлуудыг онож хэлж байна. Сумын эмнэлэг гэхэд эмч нар нь залуу байна. Тогтвор суурьшилгүй байна. Аймгийн эмнэлэгт үзүүлээд ирсэн залуу их сайхан юм ярилаа. Барилгын инженер эмэгтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, салбарын аминд тулсан асуудлуудаар ярилаа. Захиалсан юм шиг л хүмүүс таарлаа. Ер нь их зүгээр юм. Ямар ч чимэг зүүлтгүй. Будаг шунхгүй, амьдралын үнэнийг харлаа. Би ер нь ингэж явах их дуртай. Дараагийн ажил тулаад даанч бага цаг гаргачихлаа. Их хурал дээр хариулт өгөх юм” гэсээр яам руу яаран орлоо.
5
Ийнхүү бидний энэ удаагийн сурвалжлага өндөрлөж, Хоовон халтуурандаа гарав. Харин бид ажилдаа ирвэл зурагтаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын чуулганы танхимд Ш.Батзандан гишүүний асуулгад хариулт өгч байсан юм.
Харин таксич Хоовон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёр “халтуур” хийх үеэр зочигчидтой юу ярьсан болоод хоёулаа явж байхдаа юуны тухай хуучилсан гэдгийг ирэх лхагва гаригийн “Таксич” цувралаар уншигч таньд хүргэх болно.
5
П.Нарандэлгэр
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ