Эгийн голын УЦС-ын даргаар Ч.Одхүүг томилжээ
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү Эгийн голын усан цахилгаан станцын даргаар томилогдож, үүрэгт ажилдаа оржээ. Хэдийгээр түүнийг “Улаанбаатар төмөр зам"-ын дарга болох магадлалтай хэмээн хэвлэлээр бичиж байсан ч ийнхүү шинэ цахилгаан станцын даргаар томилогджээ.
Дашрамд дуулгахад, тус голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг 1994 онд боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.
Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарчээ.
Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ