Эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлснээр нийгмийн ядуурлыг бууруулна

img

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын нэгдүгээр хуралдаан “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр үргэлжилж байна. Хуралдаанд Ардчиллын боловсролын асуудлаар НҮБ болон ЮНЕСКО-гоос баталсан тогтоолуудын тухай ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал танилцуулсан юм. Монгол Улс Ардчиллын боловсролын тухай тусгай тогтоолыг 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 67 дугаар чуулганаар батлуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн нийт 193 орны дэмжлэг авч батлагдсан хэмээн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал танилцуулгадаа дурдсан. 49 орон хамтран зохиогчоор орсон энэхүү тогтоол нь ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-аас гаргасан анхны тогтоол бөгөөд үүнийг “Түүхэн тогтоол” хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн юм байна.

1

Ардчиллын боловсролыг иргэний боловсрол, хүний эрхийн боловсролын нэгэн адил улс орныхоо боловсролын стандартад нэгтгэн оруулах, чингэхдээ иргэн бүрийг чадавхижуулах, бүх түвшний улс төрийн амьдрал, шийдвэр гаргах үйл явц дахь иргэний эрх мэдэл, оролцоог хангах зорилгоор тухайн салбар дахь шинэлэг арга барил, сайн туршлагыг нэвтрүүлэх арга хэмжээ авахыг бүх гишүүн оронд шаргуу уриалсан заалт уг тогтоолд оржээ. Түүнчлэн энэ тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлэн “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” гэсэн тогтоол өнгөрсөн долоо хоногт батлуулсан байна. Энэхүү тогтоолын ач холбогдол нь иргэний болон хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсролын асуудлаарх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар улс орнуудын олсон сайн туршлагыг хуваалцах, харилцан суралцахыг хүссэн заалтад байгаа хэмээн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал онцолж байлаа.

1

Мөн ЮНЕСКО-гийн төлөөлөгч Еөнис Смит Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр Монгол Улс ардчиллын боловсрол, иргэний оролцоог хөхиүлэн дэмжихэд манлайлж байна хэмээн илтгэлдээ дурдсан.

 1

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Зөв бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн, цаашлаад нийгмийн ядуурал буурна

-Эмэгтэй парламентчдын хувьд бид нийгэмд тулгараад байгаа дөрвөн гол асуудалд анхаарлаа хандуулан, идэвхи санаачилга гарган ажиллах нь илүү үр дүнтэй болно. Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид санаачлан оролцох учиртай. Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд эмэгтэй парламентчид түлхүү анхаарах шаардлага тулгарч байгааг онцолж байлаа. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх зөв бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн ядуурал, цаашлаад нийгмийн ядуурал буурна гэж үзэж байна гээд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, үлгэрлэх, тэднийг урам зоригоор тэтгэж байхыг уриаллаа.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ohid emegteichuudiin bolovsroliig deeshluuleh chini ali 70-80 aad onii emegteichuud hugjil handlagiin ueiinh, odoo 21 dugeer zuund jenderiin tegsh baidal eregtei emegteichuudiin tunshlel l gej yaridagsan. ur dagavariig ni niigem uzej baigaa harin eregtei huuhduudiihee bolovsrol tuluvshild l iluu anhaarmaar bnaa
2013-11-25