Буриад хэл аялгууг хэлэлцэнэ

Энэхүү хурлыг МҮОНТ-ийн 2-р суваг, Буриад судлалын академи, “Амин тоонто” ТББ, ОХУ-ын Буриад улсын Монгол улсад суугаа байнгын төлөөлөгчийн газар, ОХУ-ын БУИС-ийн Буриад утга зохиолын тэнхэм, Буриад хэлний тэнхэм хамтран зохион байгуулж байгаа юм.
Буриад хэл олон улсын өдрийг ОХУ-ын Буриад улсад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалыг сүүлийн зургаан жилд Монгол улсын Буриад судлалын академиас зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн хурлыг үндэсний цөөнхөд зориулсан казак, тува, буриад буюу үндэсний цөөнхийн хэл, уламжлал, ёс заншлыг олон нийтэд зөвөөр таниулах, сурталчилахад нь дэмжлэг болох үүднээс зохион байгуулж байгаа аж.
“Буриад хэл аялгууны хэрэглээний асуудалд” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, ОХУ-ын БУ, Эрхүү мужийн Усть-Орда, Өвөр байгалийн хязгаарын эрдэмтэн судлаачид, сэтгүүлч сурвалжлагч, нэвтрүүлэгч, редактор, найруулагч нар оролцоно. Тэд Буриад хэл-аялгууны хэрэглээ Монголд болон ОХУ-ын буриадад ямархуу байгаа, хэл аялгууны хамрах хүрээ, хэтийн чиг хандлага, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байгаа мэдээ, нэвтрүүлгүүдийн хэлний чанар, шаардлагын төвшинд хийсэн задлан шинжилгээг хийснээ танилцуулж, Монгол дахь буриад хэл-аялгууны нэвтрүүлгийг чанаржуулах боломжийн талаар санал бодлоо солилцох юм байна.
Тэд өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг. Эрт үеэс бусад монголчуудтай адилаар уйгур бичигт үндэслэсэн монгол бичиг ашигладаг байжээ. Харин Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон. Тэд өөрсдийн бичиг үсэг зохиож байсан боловч Оросуудын шахалтаар бараг мартагдахад хүрээд буй тухай мэдээлэл байдаг.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ