Өнөөдөр “Дэлхийн философийн өдөр”

img

2002 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 11 дүгээр сарын гуравдугаар долоо хоногийн пүрэв гарагт “Дэлхийн философийн өдөр”-ийг тэмдэглэхийг дэлхий нийтэд уриалсан байдаг. Тэгвэл энэ жил “Тэгш оролцоот нийгэм, тогтвортой ертөнц” уриан өнөөдөр тэмдэглэж байна.

Энэ өдөр философийг сонирхдог хүн бүрийн өдөр хэмээдэг. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь бидний амьдарч буй цаг үеийн гол асуудлуудыг хэлэлцэхэд чиглэсэн сургалтууд юм. ЮНЕСКО-гийн хамтран ажилладаг бүхий л байгууллага философийн холбогдолтой харилцан яриа, мэтгэлцээн, чуулган, семинар, соёлын өдөр, уран илтгэл зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Манай улсын хувьд энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философи Социологи Эрхийн Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран их, дээд сургуулийн философийн магистрант, докторант нарын дунд “Философи өнөөдөр” сэдэвт нийтлэлийн уралдааныг энэ оны 10 дугаар сарын 11-ээс 11 дүгээр сарын 11-ийг хүртэл зарласан. Уралдааны зорилго нь магистрант, докторантуудын судалгааны ажлыг орчин үеийн философийн тулгамдсан асуудалд хандуулах, орчин үеийн хүн-нийгмийг философийн үүднээс эргэцүүлэх, философи мэдлэгийг нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн.

Өнөөдөр уралдааны дүнг танилцуулах бөгөөд шагнал гардуулах ажиллагаа 15.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно. Шалгарсан нийтлэлийг эрдэм шинжилгээний сэтгүүл, өдөр тутмын сонинд хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ