Ж.Гэрэлчулуун: Усыг 1000-3000 төгрөгийн суурь хураамжтай болгоно
Хот суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өнгөрөгч наймдугаар сараас эхлэн усны суурь хураамжийг 2000 төгрөг болгоно хэмээж байсан юм. Гэвч уг санаачлага нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-аас хориг тавьсан юм. Тэгвэл дээрх асуудал дахин яригдаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Суурь хураамж тооцох аргачлал” боловсруулан батлуулж, үүний дагуу холбогдох байгууллагуудаас санал авч эхэлсэн гэнэ.
Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-Усны хэрэглээг суурь хураамжтай болгох асуудал яригдаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Хэзээнээс суурь хураамжтай болох вэ?
-Яг хэзээнээс усны суурь хураамжийг авч эхлэхийг шийдээгүй байгаа. Манайх “Суурь хураамж тооцох аргачлал” төслийг боловсруулан, холбогдох байгууллагуудаас санал авч эхэлсэн байгаа.
-Та бүхэн суурь хураамжийг хэдэн төгрөг байхаар тооцоолж байгаа вэ?
-Усны суурь хураамж нь нийслэл болон томоохон хотуудын айл өрхөд 4142.8 төгрөг байхаар тооцоо гарсан. Гэхдээ эхний ээлжинд хүн амд аль болох бага нөлөө үзүүлэхээр тооцоолж, нийслэлд 2000-3000 төгрөг, бусад аймгийн төв, суурин газарт 1000-1800 төгрөг байхаар тооцсон.
-Усны суурь хураамжийг гэр хорооллын айл өрхүүдээс авах уу?
-Үгүй. Зөвхөн төвлөрсөн системд холбогдсон орон сууцны айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжээс авна. Тиймээс гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний үнэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Ус суурь хураамжтай болсноор үйлчилгээний чанар сайжирч, усны алдагдлыг бууруулан, хэрэглэгчдийг 24 цагийн турш чанартай усаар хангах нөхцөл бүрдэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ