Ж.М.Баррозо: Монголын сайхан ирээдүйг хамтдаа бүтээгч болцгооё
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо манай улсад айлчилж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Жозе Мануэл Баррозог Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч, ганцаарчилсан уулзалт хийснээр айлчлалын албан ёсны үйл ажиллагаа эхэллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын комиссын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийж буй энэхүү айлчлал нь Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өгч буй ач холбогдлын илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, урт хугацааны стратегийн зорилтуудын нэг нь Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч нотолж, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог гуравдагч хөрш хэмээн тунхагласныг онцлон илэрхийллээ. Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Ганцаарчилсан уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозог албан ёсны хэлэлцээнд урилаа.
1
Ц.Элбэгдорж: Европын холбоо бол манай гуравдагч хөрш
1
Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозотай уулзаж Монгол, Европын холбооны хооронд өргөжин тэлж байгаа хамтын ажиллагааны талаар санал солилцох сайхан боломж тохиож байгаад баяртай байна. Европын комиссын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийж буй энэхүү айлчлал нь Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өгч байгаа том ач холбогдол гэж үзэж байна. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог гуравдагч хөрш хэмээн тунхагласан байдаг. Ингээд эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо таныг мэндчилгээ дэвшүүлж, яриагаа эхлэхийг хүсч байна” гэлээ.
1
Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүндэт ноён Ерөнхийлөгчид баярлалаа. Миний хувьд Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Монгол Улсад айлчлах хугацаандаа олон зүйлийг сурч мэднэ гэж бодож байгаа. Бидний хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд маш их олон ололт амжилт гаргасанд бид баяртай байдаг. Тухайлбал, олон намын тогтолцоонд шилжсэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлсэн. Энэ тал дээр хамтран ажиллаж ирсэндээ баяртай байна. Монголд ардчиллыг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч таны оруулсан хувь нэмэр их байдаг” гэв.
1
Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Европын холбоотой найрсаг харилцаа, түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Европын холбооны 11 гишүүн оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулж байгааг дурдаад Европын холбоо Улаанбаатар хотноо өөрийн дипломат төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Европын хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн чухал алхам болохыг онцлон тэмдэглэв.
1
Монгол Улс, Европын холбооны хооронд боловсрол, соёл, нийгмийн салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах, Монгол Улс дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамрагдах хүсэлтэй талаар болон бусад асуудлаар ярилцлаа.
1
Шинэ үеийг эхлүүлсэн түүхэн өдөр боллоо
1
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нар Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:
1
-Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах харилцааг бэхжүүлэхэд оршдог. Бид Европын холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Европын холбоо болон түүний гишүүн орнуудын зүгээс Монгол Улсыг ардчилал, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, төр, засаг байнга талархаж байдаг.Бидний олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн болж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улс, Европын холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ хэлэлцээр бол Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх газрын зураг болж байгаа юм. Энэ бол зөвхөн Европын холбоо гэдэг ганц байгууллагатай газрын зураг гаргаж байгаа биш, Монгол Улс Европын холбоонд багтаж байгаа 28 улстай түншийн хэмжээнд харилцаатай болж байгаагаараа онцлог чухал ач холбогдолтой. Сая Жозе Мануэл Баррозо гуай харилцаагаа зөөлөн дэд бүтцээр дамжуулсан харилцаанд оруулах талаар ярилаа. Боловсрол, инновац, стандарт гээд олон харилцааг хөгжүүлэх бололцоо байна гэдгийг хэлсэнд талархаж байна. Эрхэмсэг ноён Баррозо таны Монгол Улсад хийж байгаа айлчлалд амжилт хүсч, хоёр талын харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд боломж нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.” гэлээ.
1
Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо хийсэн мэдээлэлдээ:
-Бидний хийсэн уулзалт хоёр талын харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн чухал өдөр болж байна. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд маш их ололт амжилтад хүрснийг бидний хувьд ажиглаж байдаг. Ардчиллыг олон салбарт бий болгож хөгжүүлэх тал дээр их амжилт гаргасан. Энэ бүхний үр дүнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд маш их нэр хүндийг хүлээж байгааг хэлэхэд баяртай байна. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, нөхцөлүүдийг гаргаж өгсөн. Европын холбооны зүгээс Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэх боломжуудыг нэмэгдүүлнэ. Ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бидний үзүүлэх туслалцаа цаашид улам бүр нэмэгдэнэ. Мөн эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн сайжруулна. Монгол Улстай хамтран ажиллахдаа бид хөгжлийн чиглэлийн хамтын ажиллагааны олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ дотор боловсролын салбар, эрдэм шинжилгээ, судалгааны салбарыг чухал салбараар нэрлэлээ. Мөн Европын холбооны ноу хау-г эдгээр салбаруудад нэвтрүүлэх, Европын холбооны стандартыг Монголд нутагшуулах нь Монголд хийж буй шинэтгэлийн бодлогыг дэмжсэн алхам болох талаар ярилцлаа. Бид 2014-2020 онд Монгол Улсад хөгжлийн туслалцаа үзүүлэхдээ урьд өмнө байснаасаа нэмэгдүүлэх тухай ярилаа. Эдийн засгийн нээлттэй, оновчтой орчин бүрдүүлэх тал дээр бид хамтран ажиллах боломжтой. Энэ нь Монгол Улсад тогтвортой хөгжил, тэгш боломжийг хангасан өсөлтийг бий болгоход чухал юм. Европын холбоо энэ тал дээр сайн түнш байх болно. Европын холбооны орнуудад Монголын бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх схемийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилаа.
1
2014 оноос эхлэн Европын холбооны хөгжлийн төлөөх зорилтуудын арга хэмжээг Монголд зохион байгуулахаар ярилаа. Монгол Улсаас баримталж байгаа гуравдагч хөршийн бодлого нь бидний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд тус дөхөм болно. Би Монгол Улсын түүхийг судалж үзэж байсан. Хүндэлж бишрэх зүйл олон байдаг. Монгол Улсад их сайхан ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан ирээдүйг хамтдаа бүтээгч болцгооё. Монгол Улс, Европын холбооны хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг ирэх 2014 онд тэмдэглэнэ. Энэ үеэр Брюссельд айлчлуулахаар эрхэм Ерөнхийлөгч таныг урьж байна.” гэлээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ