Дурангийн мэс заслын болон нүдний оношлогооны кабинеттай болгов

img

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж болон нүдний оношлогооны кабинетын цоо шинэ тоног төхөөрөмжийг Францын “Арева” групп хандивлалаа. Хандивыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  энэ сарын 15-нд  тус эмнэлэгт болсон юм.

1

Ингэснээр мэргэжлийн дурангийн хагалгаа хийх боломж анх удаа Дорноговь аймагт бий болж байгаагаараа онцлогтой. Тус аймгийн болон говийн бүсийн иргэд Улаанбаатар хот руу явж цаг үрж, зардал чирэгдэл бололгүйгээр орон нутагтаа хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний оношлогоо хийлгэх боломжтой боллоо.

1

Ёслолын ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Арева Монгол”, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант, “Арева” группийн Бүс нутаг дахь оролцоо хариуцсан мэргэжилтэн Адама Хамани, “Аксион Монголи” ТББ-ын гишүүн, техникийн талын оролцогч Рене Фриш, төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн дэд захирал Н.Нямгарав, “Мицүбиши” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Х.Ёшинори нар оролцов.

1

Ёслолын ажиллагааны үеэр ноён Тьерри Плэзант ““Арева”-гийнхны сэтгэл шингэсэн энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар олон хүний амь аварч, эдгээнэ гэдэгт итгэлтэй байна.  Дорноговьчууд одоо дэлхийн төвшний эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн аймагтаа авах эрхтэй боллоо.  “Арева” групп эв санааны олон төслийг дэмждэг. Энэ ажил ирэх жилүүдэд ч үргэлжлэх болно. “Арева” сан эмэгтэйчүүд, хүүхэд оюутнуудад тусалдгийг хэлэхэд таатай байна” хэмээн хэлсэн юм. Тус групп цаашдаа ч тоног төхөөрөмжийн засварын ажлыг хариуцан ажиллах юм байна.

1

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Говийн аймгийн ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч, иж бүрэн тоног төхөөрөмж хандивлаж байгаад баяртай байна. Манай нутгийн хувьд эрс тэс уур амьсгалтай, нүдний гэмтэл ихтэй байдаг. Нутгийн ард иргэд эдүгээ нүдний болон хэвлийн хөндийн өвчнөө оношлуулж эмчлүүлэхээр Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй боллоо” хэмээсэн юм.

 1

Нийт хагалгааны 50 хувийг дурангийн мэс ажилбараар хийдэг

1

Дорноговь аймгийн мэс заслын эмч Ж.Хуягбаатартай цөөн  хором ярилцлаа.

1

-Дурангийн мэс заслыг хийх боловсон хүчин бий юу. Зарим газруудад тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй асуудал үүсдэг?

-Манай эмнэлгийн хувьд энэ төхөөрөмжийг ажиллуулах боломжтой. Бид бүгдээрээ сургалтад суугаад ирсэн. Жак гээд францын мэргэжилтэн бидэнд багшилсан. Мөн нэгдүгээр төрөхийн Өнөрөө эмч бидэнд сургалт явуулсан. Хамгийн гол нь ариутгалын асуудал шийдэгдээгүй байсан юм. Бидэнд энэ асуудлыг “Арева” группынхан шийдэж өгөхөөр болсон. Тиймээс бидэнд хариуцлагатай ажиллах үүрэг оногдлоо. Тиймээс “Арева”гийнхандаа, Жак багшдаа, нэгдүгээр төрөхийн Өнөрөө эмчдээ баярласнаа хэлье.

1

-Хэвлийн хөндийн мэс засал нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлдэг бол?

-Хэвлийн хөндийн мэс ажилбарыг дурангийн аргаар  хийх болсон нь ард иргэдийн эрүүл мэнд, гоо сайханд ч тустай юм. Дурангийн мэс засал нь өвчтөндөө илүү давуу талтай байдаг. Эдгэрэлт нь ч хурдан.

Дорноговь аймгийн хувьд нийт өвчлөлийн 70 хувийг эзэлдэг. Дурангийн мэс заслаар орох хагалгаа 50 хувийг эзэлдэг.

1

-Энэ нь юутай холбоотой вэ. Осол гэмтлээс шалтгаалах уу?

-Осол гэмтлээс үүсэх хагалгааг дурангийн мэс заслаар хийх нь бага байдаг. Цаашдаа хийгдэх болно. Төлөвлөгөөт буюу цөсний хөндийн чулуу, мухар олгой гэх мэтчлэн дурангийн аргаар шалгах хагалгаа байдаг. Энэ бүхнийг хийлгэх боломжтой.

 1

Энэ удаад “Арева” групп 257 сая 400 мянган төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмжийг авч санхүүжүүлсэн бол хэрхэн ашиглах талаар Францын “Аксион Монголи” ТББ эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, сургалтыг санхүүжүүлсэн байна. Өмнө нь “Арева” корпорацийн сангаас Улаанбаатар хотын Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын ийм аппаратыг “Аксион Монголи” ТББ-тай хамтран 2010 онд хандивласан аж. Мөн өөр санхүүгийн дэмжлэг ч үзүүлж ирсэн нь голчлон орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна.

1

 “АРЕВА Монгол”, “Кожеговь” компани өмнөх жилүүдэд түргэн тусламжийн бүрэн тоноглосон машин, тархины бичлэгийн аппарат зэргийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлэглэх зэргээр 2005 оноос санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ. Түүнчлэн тус компани Дорноговь аймгийн Зүүнбаян багт Шүдний эмчилгээний кабинетын бүрэн тоног төхөөрөмж бэлэглэж, хэд хэдэн төсөлд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

[зочин:
эмч нараа сайн бэлтгэж байж хийх хэрэгтэй дээ наад гарууд ч хэцүү дээ
2013-11-18