А.Галтбаяр: МУИС оюутнуудаа МУБИС-руу шилжүүлэхгүй
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллээр “МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олон салбар сургуулиа нэгтгэн дөрвөн томоохон сургууль болгохоор боллоо. Тодруулбал, МУИС-ийг Байгаль нийгэм, Хүмүүнлэгийн ухаан, Хууль, Бизнес, хэрэглээний ухааны гэсэн дөрвөн чиглэлийн салбарт хуваах тогтоолыг баталжээ. МУИС-ийг дөрвөн салбар сургууль болгох бэлтгэл ажлыг арванхоёрдугаар сарын 15-н гэхэд базааж дуусгах аж” гэх мэдээлэл цацагдаж байна. Уг мэдээллийн дагуу МУИС-ын захирал А.Галтбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Танай сургуулийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж 10 салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргаснаа дуулгасан. Тэгвэл өчигдөр сургуулийн Удирдах зөвлөл дахин хуралдаж, дээрх шийдвэрийг батласан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ үнэн юм уу?
-Үгүй. Зарим хэвлэл мэдээлэл манай сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг буруугаар ойлгосон бололтой. Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гарган, сургуульдаа шинэчлэл хийх асуудлыг дахин хянаж хэлэлцэхээр болсон. Уг ажлын хэсэгт сургуулийн багш нарын төлөөлөл, ҮЭ, оюутны төлөөлөл багтана. Ажлын хэсэг ирэх сарын 15-нийг хүртэл сургуулийн бүтцийн шинэчлэлийн асуудлыг ахин, дахин судлаж үзээд Удирдах зөвлөлд өөрсдийн байр сууриа илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл, МУИС-ын Удирдах зөвлөл багш, оюутнуудынхаа саналыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ний өдөр сонсоно. Тэдний санал, хүсэлтийг харгалзан сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.
-Хэрэв МУИС-ийн бүтэц зохион байгуулалт, дүрэм, журамд өөрчлөлт орвол МУИС-иас Монгол хэл, Багшийн ангийн оюутнуудаа МУБИС- руу шилжүүлэх асуудал үүснэ гэж зарим эх сурвалжууд ярьж байна. Та үнэн бодит мэдээллийг манай сайтаар дамжуулан хүргэхгүй юу?
-Наадах чинь худлаа мэдээлэл байна. Аливаа өөрчлөлтийн өмнө худал, цуурхал тархаж байхыг алийг тэр гэхэв дээ. Энд би нэг л зүйл хэлье. Манай МУИС ихэнхдээ багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Ийм байхад юу гэж багшийн ангийн оюутнуудаа өөр сургуультай нэгтгэх билээ. МИУС оюутнуудаа хэзээ ч МУБИС- руу шилжүүлэхгүй.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ