Б.Ахалбек: Микро автобус өдөр, шөнийн тарифтай болно
Микро автобусаар зорчих үнэ 500 төгрөг хэдий ч тасалбар өгдөггүй учраас том оврын автобус зогссоноос хойш оройн цагаар микро автобусны кондукторууд үнэ тарифаа 700-1500 төгрөг болгон нэмдэг. Үүнд бухимдсан иргэд Засгийн газрын 11-11 төвд уг асуудлаар багагүй гомдол мэдүүлдэг аж.
Тэгвэл Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, ШӨХТГ хамтран микроавтобусыг өдөр, шөнийн тарифтай болгохоор болжээ.
Учир нь “Нарантуул” захтай гэрээтэй микро автобуснууд Нарантуулаас Толгойт чиглэл рүү 500 төгрөг, Нарантуулаас Сансар чиглэл рүү мөн 500 төгрөгөөр үйлчилдэг гэнэ. Энэ нь шударга өрсөлдөөний хууль, журмыг зөрчиж байгаа юм. Иймд микроавтобусыг өдөр, орой, шөнийн нэгдсэн тарифтай болгох нь зөв гарц хэмээн албаныхан үзэж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын буухиа үйлчилгээ, такси зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Ахалбекээс тодрууллаа.
-Сүүлийн үед зарим чиглэлийн микро автобус оройн цагаар үнэ, тарифаа нэмж үйлчилж байна. Үүнд танай байгууллага хяналт тавьж ажиллаж байна уу?
-Хяналт тавилгүй яахав. Иргэд энд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Манай Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй 900 орчим микро автобус хаалга болон урд шилэн дээр “500” гэсэн үнийн тарифаа наасан байгаа. Тэд орой үдшийн цагаар үнэ тарифаа нэмж үйлчилдэггүй. Харин хууль бус үйлчилгээ буюу “хулгай”-н микро автобусууд үнийг нэмж үйлчилж иргэдийг хохироож байгаа. Бид үүнд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэж байгаа.
-Хэрэв микроавтобус үнэ нэмж үйлчилвэл иргэд хаана хандах вэ?
-Манай газартай гэрээтэй микро автобусууд хажуу талдаа санал гомдол авах 326352 гэсэн утсыг бичсэн байдаг. Тэр утас руу тухайн микро автобусын улсын дугаарыг хэлж, гомдлоо мэдүүлэх боломжтой. Уг гомдлын дагуу улсын байцаагчид шалгаж үзээд 30-250 мянган төгрөгөөр жолоочийг торгоно.
-Микроавтобусыг өдөр шөнийн тарифтай болгох гэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэдээс ирсэн гомдлын дагуу манай байгууллага Замын цагдаагийн газар, ШӨХТГ-тай хамтран шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд зайнаас хамааран өдөр, шөнийн тариф тогтоох нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ талаар одоо холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байна. Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байхыг шинээр мөрдөгдөх журмаар батлах байх.
- Микроавтобусны өдөр шөнийн тариф хэзээнээс мөрдөгдөх вэ?
-Ирэх 2014 оноос өмнө буюу ирэх 12-р сарын 10-ны дотор энэ асуудлыг бараг шийдэх байх. Асуудал шийдэгдсэн тохиолдолд бид албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ