Сүүлийн үед хошин шог үзэхээр инээх биш уур хүрээд байх боллоо. Учир нь ядмагхан сэтгэж буйг нь өрөвдөөд тэр шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд, хүний сэтгэл, дотоод ертөнц, мөн чанар гээд нүдэнд харагдахгүй мөртлөө хүний оюун сэтгэлд болж байгаа зөрчил, тэмцэл тэдгээр хүний өөдрөг үзэл, тэмүүлэл бүхнийг нээдэг ухаан нь урлаг юм. Тэр дундаа хошин урлаг хүндтэй байр суурь эзэлдэг.
:
Дэлхийн судлаачид урлаг бол хүн судлал гэж ярьдаг нь их учиртай. Хүн судлал гэдэг анагаах ухааны талаас бус бие хүний сэтгэл гэдэг аугаа, хязгааргүй хүсэл тэмүүллийг судалдаг. Хүсэл тэмүүлэлд хүрэхэд янз бүрийн бэрхшээлийг даван туулж байж орон зайгаа эзэлдэг. Энэ орон зайгаа эзлэх хүний сэтгэлийн тэр ертөнцийг нээж урладаг учраас урлаг гэдэг нь хүний сэтгэлзүйд шууд нөлөөтэй. Мөн урлаг өөрөө тухайн цаг үеийн толь болж өгдөг төдийгүй нийгмийг өөрчлөх аугаа их хүчийг өөртөө тээж явдаг аж.
:
Нэрт сэтгэгч Айн Рэнд манайхны урлаг гэж нэрийдээд байгаа тэрхүү хошин шог тоглолтыг “бохирын шугам” гэж хэлсэн байдаг. Тэрбээр хошин шогчдыг нийгмийн үнэт зүйлсийг гутаан доромжилж үнэгүйдүүлдэг, дүрслэл нь хийсвэр бөгөөд сайн талын баатруудыг элэглэж байгаагаараа урлагийн триллер болсон аймшигтай зүйл гээд “зүйрлэвээс дутуу төрсөн хүүхдийн амьгүй бие” мэт хэмээн бичиж байж. Эм хичнээн гашуун ч өвчинд тустай, үг хичнээн гашуун ч өөрт тустай гэдэг шүү дээ.
:
Аливаа тэмдэглэлт баяр болгоноор хошин шогийн продакшнуудын чанартай, чанаргүй тоглолт шил дараалан болдог нь бичигдээгүй хууль. Манай хошин шогийнхны тоглодог гол сэдэв нь үнэхээр өчүүхэн жижигхэн сэтгэмжтэй. Тухайлбал, гэр бүлийн хэрүүл, нууц амраг, ядуу амьдрал, оюутны байр, баян айлын хүн, хурим, гадагшаа гарч буй хүмүүс, эсвэл гудамжны хар яриа, ургийн бичиг, ХДХВ ба ДОХ, ижил хүйстэн байх жишээний.
:
Ижил хүйстэн хүмүүс өөрсдийг нь доромжлон гутааж байгаа энэхүү хошиг шогийг хараад ихэд дургүйцэж сэтгэл санаагаар унадаг гэдэг. Ижил хүйстэн ч гэсэн тэр чинь тэр чинь хүн шүү дээ. Хүний эрхэнд ийнхүү хүйтэн цэвдэгээр халдсаар байх нь ариун явдал гэж үү.
:
Хошин шогийнхон Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, Ш.Сүрэнжав нарын шүлгийг зөв, буруу уншдаг болж. Мөн дуунуудын утгыг алдагдуулж, эсвэл өөр дууны аян дээр, өөр дууг дуулдаг нь энгийн үзэгдэл. Зохиогчийн эрх гэдэг тэдэнд огт хамаагүй юм гэнэ.
:
Хошин урлаг нийгэмд байгаа асуудлыг янз бүрийн хэлбэрээр гаргаж байна. Гэхдээ энэ олон хошин урлагийн хамтлаг дунд урлагийнхаа хэмжээнд бүтээл туурвиж байгаа нь өдрийн од шиг ховорхон байгаа нь нууц биш. Хүнийг дооглох, марзганах талаас нь тоглолт хийсээр бид үзсээр залхаж гүйцлээ. Инээдэм гэдэг бол марзганал биш шүү дээ.
:
Хошин, инээдмийн жанр гэдэг маш хүнд хэцүү урлаг. Тухайн хүнээс авьяас шаарддаг. Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг. Хошин урлагийнханы дунд чадварлаг уран бүтээлч тун цөөхөн. Хошин жүжгийн зохиол мэргэжлийн түвшинд бичдэг зохиолч ч хуруу дарам цөөхөн.
:
Ш.Цэнд-Аюуш, Ц.Доржготов, Б.Цэрэнжамц нарын цөөн хэдэн хүн байна. Хошин урлагийнхан мэргэжлийн зохиолчидтой ойртож ажиллахгүй байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Өөрснөө нэг сэдэв олж аваад, бөөнөөрөө сууж байгаад ярилцаад тайзанд гаргадаг нь жор таараагүй хоолтой адил. Энгийн үгээр хэлэхэд давс нь ихэдчихсэн хоол хүнд хоол бус хор болдогтой л адил юм.
:
Монголын хошин урлаг оюун санааны ядууралд орчихсон гэвэл үнэнээс хол зөрөхгүй бас хатуудахгүй л болов уу. Хошин урлаг нь өөрөө “хошин шог” болсоор удаж байна. Арай өөрөөр сэтгэж жинхэнэ хошин урлаг гэж юу байдгийг харуулахгүй бол эрхэм жүжигчид минь үзэгчиддээ гологдсоор байгаагаа нэг ч гэсэн удаа тунгааж үзэх хэрэгтэй. Монголын хошин урлагийг аварч чадах их авьяастанд л найдъя даа.
:
Б.Сайнаа