Хаалга тогшсон шинэчлэл
2009 оны сонгуульд ялсан шинэ ерөнхийлөгчөөсөө олон нийт тийм ч их юм хүсээгүй. Амин чухал ганц зүйл буюу шударга ёсыг тогтоох, хууль, шүүхийн шинэчлэл хийнэ гэснийг хүчтэй дэмжсэн. Тэгээд ч Авилгын загалмайлсан эцэг гэх таагүй цолыг хүртсэн нөлөө бүхий эрхмийг суудлаас нь буулгасан. Шүүхэд хийх шинэчлэл нь тийм амар байгаагүй бололтой. 4 жил явсны эцэст Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд 2013 оны 4 сарын 15 өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн байдаг. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болохоос яг 2 сарын өмнө шүүхийн тухай багц хууль үйлчилж эхэлжээ.
.
Ингээд дахин сонгууль болж ард түмний олонх нь дахин Ц.Элбэгдоржийг дэмжиж саналаа өгсөн. Энэ нь хэлсэндээ хүрч хууль шүүхийн шинэтгэлийг эхлүүлж чадсан байна, одоо хэрэгжилтийг нь хангаж эхлүүлсэн ажлаа төгс төгөлдөр болго гэсэн хэрэг байлаа. Аливаа шинэчлэл сүржин эхлээд улс төр, эдийн засгийн хүчин зүйл, нөлөөлөлд автан хуучинтайгаа өнгө сүлэлдэн замхардгаас хаширсан ард түмний баталгаажуулж хийсэн сонголт. Олон нийтэд хууль, шүүхийн хүрээнд эхэлсэн шинэчлэл дахин улс төрийн нөлөөллөөр бүдгэрэх вий гэсэн болгоомжлол байсан. Одоо ч ийм болгоомжлолийг тээсээр л байгаа. Өнгөрсөн 4 жилд тэгээд шүүхийг яг яаж шинэчилсэн юм бэ. Ямар гээч байдалд хүрчихээд, явахаа болиод байсныг нь засч залруулж хуульчилж өөрчилсөн юм бэ. Иргэдийн зүгээс энэ асуултад өгөх олон жагсаалт асуудлыг эгнүүлэн бичиж болно.
.
Иргэн Дондог, Бат хоёрын дунд хашаа газрын өмчлөлийн маргаан үүссэн тул шүүхэд хандана. Шүүх хурал олон шалтгаанаар хойшлож, хэрэг маргаан нь шийдэгдэж нэг талдаа хагарч өгөхгүй баахан хүлээнэ. Ийн хойшлох үед хэлдэг түгээмэл шалтгаан бол нэг шүүгч маш олон хэрэг авсан байх бөгөөд энэ дотор нь хүн алсан хүчирхийлэгчийн зузаан хавтаст хэрэг, Нэг даргынхаа захирамж шийдвэрийг үл зөвшөөрсөн заргач нөхрийн хэрэг, Нэг архаг хулгайч таван жил айл ухсан хэрэг үүн дээр нэмэх нь мань өвгөний хашаа байшингийн иргэний “жижигхэн” маргаан гээд зүсэн зүйлийн олон хавтаст хэрэг ширээн дээр нь овоолгоостой байх. Хүний гэм буруутай эсэхийг таслан шийдвэрлэхийн тулд нотлох баримтыг бүгдийг харж танилцаж, нямбай нягтлах ёстой тул цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл хуульд бас хэрэг хянан шийдвэрлэх хугацаа гэдгийг заачихсан байгаа. Энэ мэт хүндрэлээс иргэн Дондогийн зарга гацан, хуваарьт хурлын товоо хүлээн бас өөр шүүх хуралтай давхардан хойшилсоор. Мань Дондог сүүлдээ шүүхийн энэ чирэгдэлд залхаж, жоохон юман дээр яршиг цаашаа, орхиё гээд газрынхаа талыг булаалгасан чигээр хаяад нүүхээ бодох юм. Шүүхийн хүндрэл чирэгдлээс залхсан иргэн Дондог зөрчигдсөн эрхээ сэргээж чадсангүй. Өмч хөрөнгийнхөө тодорхой хэсгийг алдаж хохирч үлдлээ. Шүүх иргэндээ хүрч үйлчилж үүргээ биелүүлж чадсангүй.
:
Одоо тэгвэл төрөлжсөн шүүх бий болжээ. Иргэний, Эрүүгийн, Захиргааны хэргийн шүүх гэж дангаараа бий боллоо. Одоо иргэн Дондог газрын маргаанаа зөвхөн иргэний шүүхээр хянуулах ба өнөөх 5 жил хулгай хийсэн нөхрийн хэрэг шийдэгдэхийг хүлээж шүүхийн гадна зогсохооргүй болсон. Тэглээ ч иргэний маргаан их л байдаг, шүүхийн байнгын ачааллыг яах билээ гэж Дондог гуай бухимдах л байх. 2013.01.22 ний өдрийн Их хурлын чуулганаар Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/, Шүүгчийн орон тоо батлах тухай хууль, тогтоолын төслийг баталсан байдаг. Энэ шинэ тогтолцоогоор шүүхийг орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талыг харгалзан үзэж, тойргийн зарчмаар шүүхийг шинээр байгуулахаар болжээ. Ингээд Үндсэн хуульд шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна гэсний дагуу Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталжээ. Ингэснээр шүүгчдийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршлийг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн 10, иргэний 10, нийт 20 давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар болсон байна. Улсын хэмжээнд сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 20, Дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 57 шүүх байгуулах болжээ. Дээрх хийгдсэн өөрчлөлтүүдээр иргэн шүүхийн үйлчилгээг илүү чанартай, чирэгдэлгүй авч дагнасан буюу эрүү, иргэн, захиргааны хэргээр мэргэшсэн шүүгчдээр хэрэг маргаанаа шийдүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой болж байна. Мөн хуучин дүүрэг сумын харьяалал байхгүй болсноор шүүхийг орон нутгийн засаг захиргааны байгууллагын хөндлөнгийн нөлөөллөөс холдуулж байгаа юм.
:
Бид шинэ ардчилсан нийгмийг цогцлоож байгаа гэх ч 1993 оноос хойш шүүхдээ шинэчлэл хийгээгүй юм. Шүүх хараат бус байхад ямар хүчин зүйл чухал байсан бэ. Тэрийг яагаад хангадаггүй байсан бэ гэж асуувал явсаар ужиг зүйлийг ярина. Амьдрал баян бөгөөд байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байхын хэрээр нийгэм дэх шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоо их болж өнөөгийн шүүх хуучин тогтолцоогоороо цааш явахад хүндрэлтэй болж ирсэн цаг үед Шүүхийн цогц, нарийн шинэчлэл хийгдэж байгаа гэж хэлж болох юм.
:
Шүүхийн зохистой ачаалал алдагдсанаар хүнд суртал, чирэгдэл ихтэй гэрэл гэгээ ордоггүй хатуу цамхаг мэт шүүх бий болсон гэсэн төсөөлөл олон нийтэд бий болж ирсэн. Шүүхийн хараат бус байх зарчим зарим талдаа алдагдаж өндөр албан тушаалтан, улстөрчдөд гэм зэмийн ойлголт, ял шийтгэл үүрүүлэх хүндрэлтэй болсон цаг үе байсан.
:
Монгол улсын №1 байсан эрхмийг тодорхой хэрэгт буруутай гэж үзэн шүүхээр тасаллаа. 7 сарын 1-ний хэрэгт буруутай гэж үзэн Цагдаагийн нөлөө бүхий хурандаа дарга нарт шүүхээс ял сонсголоо. Томчууд орооцолдсон хэрэг болохоор ингэсгээд замхрана даа гэсэн хэсэг байхад нөгөө талд арай ч үгүй байлгүй, хууль эрх тэгш үйлчлэх ёстой гэж хүмүүс талцаж байсан. Дуулиант хэргүүд дээр томчуудын хэрэг урьдын адил хэрэгсэхгүй болно гэдэг дээр олон нийт бооцоогоо ахиухан тавилаа. Гэвч энэ удаа олонх алдаж бодсон бөгөөд дуулиант хэргүүд таслагдаж шүүхээс ял сонссон эрхмүүд хэцүү нэрт рүү ачигдсан. Мэдээж жирийн хүн биш тул ингээд шууд хоригдохгүй, эмнэлэг явна гэж их л чаргууцалдсан.
:
Шүүх улс төрийн болон бусад гадны нөлөөнд автахгүй хараат бус ажиллаж чадна гэдгээ харуулж эхэлсэн гэж болно. Энд хэн нэг шүүгч мундаг байлаа гэхээс илүүтэй шүүх хараат бус байна гэсэн үндсэн хуулийн заалт хэрэгжиж болох юм байна гэдгийг цагаан захтнуудад ойлгуулж чадсан. Цаашид ч шүүх ийн нэг мөр байна гэж хатуу санууллаа. Шүүх хурал бас анх удаагаа нээлттэй байж чадлаа.
:
Гүйцэтгэх эрх мэдэл атгасан хүчин шүүгчдийн цалин төсвийг хасдаг танадаг байхыг хүсэх ба өгсөж дэвших эсэхэд нь далдаас нөлөөлдөг байхыг хичээдэг. Одоо шүүгчдийн төсөв цалинг гүйцэтгэх засаглал барьдаг үе өнгөрсөн. Шүүхийн Ерөнхий зөвлөл төсвөө шууд Их хуралд өргөн мэдүүлэх болсон. Шүүгчдийг зэрэг дэвээр нь үнэлэн цалин пүнлүү авдаг байсныг халж шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жилээр дүгнэж, ажлын ачаалал, бүтээмж, гаргасан шийдвэрийнх нь чанараас хамаарч нэмэгдэл урамшууллыг өгч байх болсон.
.
Шүүгчийн томилгоонд улстөрчид нөлөөлдөг байхаа больсон. Тодорхой шалгуур хангасан нэр дэвшигч Хуульчдын холбоо дамжуулан Шүүхийн мэргэшлийн хороогоор өөрийн мэргэжил ур чадвар, нэр хүнд зэрэгт дүгнэлт тавиулж, үүнийг үндэслэн Шүүхийн Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийг үнэлгээний дүнгээр эрэмбэлж, илээр санал хураан олонхийн санал авсан 2-3 хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх замаар шүүгч болох босгыг давна. Ганцхан Ерөнхийлөгч нэр дэвшигчийг шүүгчээр томилох мөн татгалзах эрхтэй. Яг одоо, энэ өдрүүдэд шинэ хуулийн дагуу бүх шүүгчийг дахин томилох үйл ажиллагаа явагдаж байгаа юм билээ. Шинээр бий болох 57 шүүхэд нэр дэвшсэн шүүгчдийн нэр ил тод зарлагдсан, олон нийт санал дүгнэлт үнэлэлтээ өгөх нь нээлттэй байдалд, хуулийн дагуу явагдаж байгаа.
.
Хараат бус шүүх ил тод байдал хангагддаггүй, хаалттай газар болсон үе байсан. Хаалттай байдалд, гаргаж байгаа шийдвэр бүхэн хардлага төрүүлж, шударга ёсонд эргэлзэх сэтгэгдлийг төрүүлж байдаг. Хэн нэг нь миний хэргийг шийдвэрлэхэд нөлөөллөө гэж манайхан их ярьдаг. Энэ байдал одоо үгүй болох юм байна. Шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах зорилгоор аливаа хөндлөнгийн нөлөөллийг хориглон, урьдчилан сэргийлэх нөлөөллийн мэдүүлгийг шүүгч хэрэг бүрт хөтлөн тухайн хавтаст хэрэгт хавсаргадаг болжээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд нь ямар нэг байдлаар нөлөөлөх гэвэл шууд тэмдэглэл хөтлөөд асуудал тавина. Энэ нь нөлөөлөл байсан нь тогтоогдвол Шүүхийн Ерөнхий зөвлөл арга хэмжээ авна. Энэ мэтээр шүүхийн бие даасан нээлттэй, ил тод байдлыг хангаж шүүхийн захиргаа төсвийг бие даалгаж, шүүгчдийн ажлын ачааллыг зохистой болгож, хариуцлага ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр хийсэн шинэчлэлийн ажлыг багцалбал тийм ч муугүй эхлэл санагдана.
.
Монгол Улсад шудрага ёс бэхжих нь хараат бус шүүхийн тогтолцоотой байж, түүгээрээ иргэдийн эрх, эрх чөлөө гэсэн ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг байх явдал билээ. Иргэн Дондог, Бат хэн байлаа ч шударга, хараат бус шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээж чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Энэ том ардчиллын баталгаа болсон хуулинд хөх тэнгэрийн дор иргэн бүрт нэг мөр үйлчлэх хараат бус, шударга шүүхтэй байх талаар заасан байгаа. Үндсэн хуулинд заасан шүүх эрх мэдлийн энэ үзэл санааг хадгалахын тулд шүүх эрх мэдлийн шинэчлэл хийх нь нийгмийн захиалга байсан. Иргэн та шударга шүүхийн өмнө зогсож байгаа гэдэгтээ итгэл төгс байх ахул тэр нь ардчиллын баталгаа, хүний эрх, эрх чөлөөний баталгаа төгөлдөржиж байгаа хэрэг болох биз. Тэр зүгт явж чадаж байна уу, үгүй юу гэдгийг иргэд бид яг одоо гараан дээр нь харж дүгнэж, үг саналаа нэмэх ёстой байх.
.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай болон эвлэрүүлэн зуучлалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн ба хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоо байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилсны дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилох гэж байна. Нэг үгээр хэлбэл, бүтэц тогтолцоо нь өөрчлөгдсөн тул шүүгчдийг дахин сонгон томилж байгаа юм.
:
Хавар хаалга тогшиж байсан шүүхийн шинэчлэл өнөөдөр бидний амьдрал дунд ороод ирсэн байна.
:
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ