Амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хэсэг байгуулан олон ажил төлөвлөжээ. Энэ хүрээнд “Амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулсан байна. Энэ үеэр амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж цаашид түншлэлийг сайжруулах боломж, арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад 15 ААН, амьтан, ургамлын чиглэлийн 9 мэргэжлийн байгууллага, 2 холбоо, 1 нийгэмлэгийн 28 төлөөлөл оролцсон байна.
Амьтан, ургамлын чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдал нь зөвхөн байгалийн ургамал түүж бэлтгэх, амьтан агнах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн эрх олголтоос хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа сул байна гэсэн үг. Иймд амьтан, ургамлыг хамгаалахад цаашид төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байгаатай төлөөлөгчид санал нэгдэв. Цаашид анхаарах асуудлыг хэлэлцээд долоон асуудлыг тодорхойлсон юм. Тухайлбал, амьтан, ургамлын нөөц бүхий газар нутгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх эрх зүйг боловсронгуй болгох, байгалийн ургамлын анхан шатны боловрсуулалт хийх технологийг нэвтрүүлэхээс гадна амьтан, ургамал ашиглах зөвшөөрөл олголтыг мэргэжлийн байгууллагын холбоодоор дамжуулан зохион байгуулах нь чухал юм. Мөн мэргэжлийн байгууллагыг чиглэл, чиглэлээр мэргэшүүлэх, амьтан, ургамлыг хамгаалах, ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн бодлогыг сүүлийн жилд баримталж байна. Гэтэл орон нутагт баг, сум, аймгийн түвшинд асуудлыг удаах, хүнд суртал гаргах асуудал нэмэгдэж байгааг анхаарах, аймгийн БО-ын газар, аймаг, сумын ЗДТГ-ыг амьтан, ургмалын хамгаалал, ашиглалтын чиглэлээр чадавхижуулах, агнуурын бүс нутгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх зэрэг саналыг уулзалтанд оролцогчид гаргалаа.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахын зэрэгцээ энэ харилцаанд хариуцлага, хяналт тавих тогтолцоог сайжруулах, олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ