Минж хүний хийж чадахгүй бүтээн байгуулалтыг хийж чаддаг

Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж буюу Минж үржүүлгийн төв Туул голын эх, Хар усан тохойд байрладаг. Тэндэхийн нутгийн иргэд сүүлийн жилүүдэд энэ газрыг Минжийн тохой гэж нэрлэдэг болжээ.
Минж үржүүлэх төвд Германы Бавари мужаас авчирсан 14 минжээс гадна өнгөрсөн зун Монголд мэндэлсэн гурван зулзага, ОХУ-аас авсан гээд 11 бүл буюу 23 минж амьдарч байна. Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”.
Минж эхээс төрөөд гурван жилийн дараа нас бие гүйцдэг. Хамгийн ахмад минжний жин 25 кг-д хүрчээ. Монголын “иргэншилтэй” гурван ч минж том болсон байна. Эр, эм хэмээн таамаглаж байгаа ч одоогоор хүйсийг нь хараахан тогтоож чадаагүй аж. Учир нь минжийг гаднаас нь хараад хүйсийг ялгах боломжгүй тул лаборатори ашиглалтад ороход үүнийг хялбархан тодорхойлох боломж бүрдэх гэнэ. Мөн ОХУ-аас ганц бие ирсэн хар сортой нэг минж “Гитлер” хочтой герман минжтэй нэг бүл болсон ажээ.
Минжүүдийг хооронд нь дасгахын тулд ганц бие залуу минжүүдэд хоолыг нь нэг дор тавьж өгдөг аж. Ингэснээр хоорондоо дасаж, сүүлдээ өвсөө нэвтлээд нийлцгээсэн гэнэ. Тэднийг бүлээр нь л нийлүүлчихгүй бол хоорондоо зодолдож, муудалцдаг ажээ. Харин бүлээ өөрсдөө сонгодог юм байна.
Ер нь минж хүний хийж чадахгүй бүтээн байгуулалт, инженерийн шийдлийг хамгийн хямд өртгөөр хийдэг амьтан аж. Минж моддыг унагаж, далан барьснаар усны түвшин нэмэгдүүлдэг төдийгүй тэдний идсэн модны үлдсэн хожуулаас олон салаа мөчир ургадаг юм байна. Минжний амьдарч, далан, овоохойгоо барьсан газрын усанд загасны тоо толгой, төрөл зүйл нэмэгддэгийг олон улсын туршлага харуулжээ.
Б.Цэрэн
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ