Ази-Номхон далайн аюулгүй байдлын сургалтад хамрагджээ
Ази-Номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвөөс “Хямралт үеийн иж бүрэн удирдлага” сэдэвт бүс нутгийн сургалтыг АНУ-ын Хонолулу хотноо зохион байгуулжээ. Тус сургалтад дэлхийн 35 орны иргэн, цэрэг, цагдаа, хүчний байгууллагын нийт 105 төлөөлөгч оролцсан бөгөөд манайхаас Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга, Онцгой байдлын дэд хурандаа М.Мөнхөө, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал, Онцгой байдлын хурандаа, доктор, профессор П.Баттогтох нар хамрагдсан байна.
Сургалтаар хямрал болон гамшгийн талаархи ойлголт, гамшгийн эрсдэл болон гамшгийн эрсдлийн удирдлага, гамшгийн эрсдлийн үнэлгээ, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг зохицуулах зэрэг ойлголтуудыг тус төвийн ажилтан нар заан санал солилцжээ. Мөн оролцогчид улс орондоо тулгамдаж буй асуудлаа хэлэцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ