Номын сангийн засварын ажил дуусах хугацаа тодорхойгүй байна

Гэтэл аравдугаар сар эхэлж, хичээл сургуулийн ажил жигдэрсэн энэ үед номын сангийн засварын ажил дуусаагүй байгаа нь оюутан, сурагчид болон тус номын сангийн байнгын үйлчлүүлэгчдэд хүлээлт үүсгээд байна. Энэ нь тус номын сангаар бүх их, дээд болон дунд сургуулийн сурагчид үйлчлүүлдэгтэй холбоотой.
Тус номын сангийн барилгын их засварын ажил өнгөрсөн зургадугаар сарын нэгнээс эхэлсэн бөгөөд хүлээлгэж өгөх хугацаа өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр байсан ч ажил дуусаагүй учир энэ сарын 10-ныг хүртэл хойшлуулжээ. Гэхдээ өнөөдөр холбогдох газруудын дарга нар ирж ажлын явцтай танилцаад төлөвлөсөн хугацаанд дуусахгүй байх магадлал өндөр байгаа талаар хэлсэн байна. Энэ тухай номын сангийн дэд захиралаас тодруулахад “Манайх захиалагч нь биш ашиглагч байгууллага учраас засварын ажил хэзээ дуусахыг сайн мэдэхгүй. Гүйцэтгэгч компани маань энэ сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна” гэдэг мэдээлэл өглөө.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь нийслэлийн өмчит байр учир Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар барилгын ажлын захиалагч байгууллага бөгөөд төсөвт тусгагдсанаар 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй засварын ажил хийгдэж байгаа юм байна. Энэ нь тус номын сан байгуулагдсанаас хойш 33 жилийн дараа анх удаагаа хийгдэж буй хамгийн том засвар аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ