Цэцэрлэгүүдийн шинжлэх ухаанжсан хөтөлбөрийг халах талаар зөвлөлдөв

img

 

Сургуулийн өмнөх боловсролын чанарын  шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлаар мэргэжлийн хүмүүс өнөөдөр уулзалдаж, зөвлөлдлөө. Сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг нь өнөөдрийн байдлаар хүүхдийг саатуулж асрахаас төдийлөн хэтрэхгүй байгаа. Тиймээс  хүүхэд нэг бүрийн хөгжлийн үндсийг сургуулийн өмнөх насанд нь тавьж өгснөөр цаашдаа бие даан суралцах, төлөвшсөн иргэн болно гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

Энэ үеэр сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэлийн  менежментийн багийн ахлагч Д.Мөнхжаргал "Шинэчлэлийн багийн ажилтнууд уламжлал нэрийдлээр хуучин зүйлээ хуулаад байвал юу ч шинэчлэгдэхгүй. Одоогийн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хэт хичээлжсэн, шинжлэх ухаанжсан энэ  байдлыг халах цаг болсон” гэв. Цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрийг өөрчлөх үүднээс хичээлжсэн сургалтын хөтөлбөрийг өөрчлөх ажил хийгээд зарим цэцэрлэгүүдэд туршилт явуулж эхэлжээ. Энэ нь үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид хэлсэн байна.

Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх багийн ахлагч Н. Норжхорлоо “Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд бид  Нийслэлийн дөрвөн  цэцэрлэгт түр зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан. Тус  үйл ажиллагаатай холбоотой бид  хичээлийн шинэ  жил эхлэхийн өмнө “Сургуулийн өмнөх боловсролын бодлогын баримт  бичиг”-ийг өөрчлөх  шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд шинээр боловсруулан батлуулаад байна” гэлээ. Тэрээр мөн “Бидний энэ ажлын цаана хүүхэд болгон өөрийнхөө хэмнэлээр, өөрийнхөө хэмжээнд хөгжөөсэй гэсэн зорилго байгаа юм. Хүүхэд бүхэн  бага насаа аз жаргалтай  өнгөрөөж, суралцах, хүсэл эрмэлзэл агуулсан идэвхитэй иргэн болох суурь дэвсгэр олж аваасай гэсэн эцсийн зорилго тавиад ажиллаж байна” хэмээв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ