УИХ-ын дарга З.Энхболд “гарын” хүнээ ГССҮТ-ийн дарга болгосон гэв үү
ГССҮТ-ийн 512 эмч, сувилагч ажлаас гарах өргөдлөө өгчээ
ГССҮТ-ийн эмч нар эмнэлгийнхээ өнөөгийн нөхцөл, бодит байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Эрүүл мэндийн сайдын тушаалаар ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаяр гэдэг хүнийг томилсон. Энэ томилгоо бол хууль бус. Тиймээс бид Ц.Энхбаярыг өөрсдийн дарга гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзасан хатуу байр суурьтай байгаа. Гэтэл зарим хэвлэл мэдээлэл Эрүүл мэндийн яам, Ц.Энхбаярын захиалгаар бидний тухай худал мэдээлэл цацаад байгаа. Үүнийг ард түмэн маань тунгааж, ойлгоно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярив. Мөн “Эрүүл мэндийн яам манай эмнэлэг дээр хоёр ч удаа томилгоо хийсэн. Эхний томилгоогоор хувийн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Жамбалжав эмч ирсэн. Гэтэл гурван сар ч болоогүй дахин томилгоо хийгдэж Ц.Энхбаярыг томилоод байна. Тэрбээр манай даргаар ирсэн өдрөө манай хамт олныг авилгал хээл хахууль авдаг, газрын наймаа хийдэг хэмээн гүтгэж, доромжилсон. Мөн зохих албан тушаалтай эмч нартай тооцоо хийж, ажлаас нь хална гэсэн мэдэгдэл өгсөн юм. Уг мэдэгдлийн дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагаар ахлуулсан ажлын хэсгийг манай эмнэлэг дээр ажиллуулж, эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзсан. Энэ үеэр манай ажилтан, албан хаагчид Ц.Энхбаярт хандаж, энэ мэдэгдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан билээ. Гэтэл Ц.Энхбаяр би ийм мэдэгдэл эмч нарт хүргүүлээгүй хэмээн “бултсан”. Тиймээс манай эмнэлгийн албан хаагч, ажилтнууд энэ хүнтэй хамтран ажиллахгүй гэсэн өргөдөл, ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар нийт 512 хүн ажлаас халагдах өргөдлөө өгөөд байна” гэв.
.
Д.Жаргалсайхан: Эмнэлгийг ямар хүн удирдах нь хамт олонд хамаатай
.
Энэ үеэр тус эмнэлгийн ГССҮТ-ийн насанд хүрэгчдийн гэмтлийн зөвлөх эмч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
.
-Танай хамт олон эмнэлгийн шинэ даргыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?
-Гэмтлийн анхан шатны болоод нарийн мэргэжлийн бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний эмнэлгийг Ц.Энхбаяр эмч удирдахыг манай хамт олон хүлээн зөвшөөрөхгүй гэж 100 хувь санал нэгдээд байгаа. Улс төрийн томилгоогоор ирсэн энэ хүн эмчийнхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч Гэмтлийн эмнэлгийг удирдаж чадахгүй. Эмч, мэргэжилтнүүдийн ийн эсэргүүцсэнийг Н.Удвал сайд болон Ц.Энхбаярыг захирлын албан тушаалд зүтгүүлэгчид буруу тийш нь гажуудуулж байгаад харамсч байна. Гэмтлийнхэн хуучин удирдлагаа өмгөөлсөн, авлига, хээл хахууль, идээ бээрт идэгдсэн гэсэн яриа гаргалаа. Салбарын сайдын энэ хариуцлагагүй мэдэгдлийг эмч нар эсэргүүцэж, бухимдаж хүлээж авсан.
.
-Захирал томилоход заавал хамт олны саналыг асуух албагүй шүү дээ?
-Эмнэлгийг ямар хүн удирдах нь хамт олонд хамаатай. Манай эмнэлэг Америк, Канад, Франц, Хонконг зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой эмч нар ажилладаг. Сүүлийн гурван жил дэлхийн хөгжилтэй орнуудад хийдэг хагалгааг амжилттай хийж байгаа.
.

-Ажлаас халагдах өргөдөл өгсөн нь бидний тэмцлийн эцсийн арга. Ажлаас гарах нь миний болоод манай хамт олны хүсэл биш, аргагүйн эрхэнд гаргаж буй шийдвэр гэж үзэж болно. Харин эмнэлэгт нэг ч хүн Ц.Энхбаяр эмчийг хүлээн зөвшөөрөхгүй байхад энэ хүн өөртөө дүгнэлт хийгээд албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн сайд захирлыг томилсон тушаалынхаа нэг заалтад “Шаардлагатай тохиолдолд гэмтэл согог, мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийг тус төвийн тусламж үйлчилгээнд татан оролцуулна” гэсэн байна. Энэ үг нь та нараар дутахгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа биз.
.
-Тэгээд та бүхэн ямар захирал хүсч байгаа хэрэг вэ?
-Хамт олон дундаас нь сонгон шалгаруулаад дарга томилохыг хүсч байна. Энэ, тэр хүн гэсэн санал байхгүй.
.
-Үүний цаана ямар нэг нууц байна гэсэн хардлага төрүүлж байна?
-Дотроосоо сонгон шалгаруулалт хийлгэмээр байна гэхээр зарим хүмүүс хуучин удирдлагын нөлөө, хэдхэн хүний тохиролцоо гэж ойлгоод байгаа. Тухайлбал, өнөөдрийн Өдрийн сонины дугаар дээр “ГССҮТ-ын экс удирдлагууд гэнэт ирсэн захирлаасаа айж байна” гэх нийтлэл гарсан байна. Энэ бол хэн нэгний захиалгаар бичсэн зүйл байна. Бид хуучин удирдлагаа өмөөрсөн, авилгал авсан юм огт байхгүй. Өнөөдрийн хэвлэлийн хурал хийж байгаа бидний дунд газар, хээл хахуульд холбогдсон хүн нэг ч байхгүй. Бид бол иргэд ард түмнийхээ төлөө амьдралаа зориулсан энгийн эмч нар.
.
-Танай эмнэлэгт гадаадтай хамтарсан олон төсөл хэрэгжиж байгаа. Энэ ажилд эмнэлгийн дарга нарын халаа сэлгээ нөлөөлдөг үү?
-Түнх, өвдөгний үе, дуран, нуруу нугасны болон олон бичил мэс заслыг манай хамт олон баг болон хийж байна. Манай байгууллага Эрүүл мэндийн яамнаас хамааралгүйгээр эмнэлгээ хөгжүүлсэн онцлогтой. Эмч нар нь өөрсдөө гадаадын төсөл олж, байгууллагадаа хэрэгжүүлж ирсэн. Тиймээс орон тоо бөглөх гэсэн хувийн ашиг сонирхолтой дарга энд хэрэггүй. Францын Засгийн газартай хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсноос хойш гурав дахь даргын нүүр үзлээ. Манай эмнэлэг яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тал нь учир дутагдалтай байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5.5 сая еврогийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ. Бүх тасаг ачаалал ихтэй, өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй шалан дээр хэвтэхэд хүрч, мэс заслын хүлээгдэл бий болсон. Уг төслийн хүрээнд үүнийг шийдвэрлэх боломжийг бид бүрдүүлсэн. Яаралтай тусламжийн тасагт өвдөг, түнх, нуруу нугас, дурангийн зэрэг төлөвлөгөөт хагалгааны бөөгнөрөл үүссэн. Манай эмнэлгийнхэн өвдөг, түнхний мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлснээр гадагшаа явах урсгалыг зогсоож байна.
.
-Ц.Энхбаяр нь Монголын урдаа барьдаг тархины мэс заслын эмч юм билээ. Энэ хүнтэй өмнө нь танай эмнэлэг хамтран ажиллаж байсан уу?
-Энэ хүнийг 23 жил эмч хийсэн. Энэ хугацаандаа ГССҮТ-тэй хамтран ажиллаж байсан гэдэг юм билээ. Гэтэл манай эмч нарын хувьд энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан, таньдаг мэддэг хүн бараг байхгүй. Ганц нэг танил хүмүүс нь бидэнд мэдэгдэхдээ Ц.Энхбаяр хувь хүн талаасаа байгууллага удирдах, шийвэр гаргахдаа учир дутагдалтай гэдгийг хэлсэн. Мөн Төрийн албаны шалгалтаар тэнцсэн хэмээн ярьж байгаа боловч хамт ажиллаж байсан хүмүүс нь удаа дараа Төрийн албаны шалгалтад унасан гэдгийг батлаж хэлсэн.
.
ГССҮТ-ийн ажил хэвийн үргэлжилж байгаа
Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Сонгон шалгаруулалтаар Ц.Энхбаяр ГССҮТ-ийн захирал болсон. Үүнд ямар ч хууль бус зүйл байхгүй. Тус эмнэлэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргасан байгаа. Уг тушаалын дагуу тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл үүсэх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйн тулд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэв.
.
Ц.Энхбаярын цаана УИХ-ын дарга З.Энхболд байдаг гэв үү
Ц.Энхбаяр нь Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайд байх үед Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байжээ. Түүнээс хойш “Ачтан элит” эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн хавар гуравдугаар эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдсөн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Энхбаярын цаана УИХ-ын дарга З.Энхболд байдаг гэнэ. Тэрбээр Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболдын төлөө ажиллаж байсан аж.
.
Б.Цэрэндэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ