С.Одонтуяа: С.Эрдэнэ сайд бид хоёр “амь нэгтэй”
Өнөөдөр зарим сайтууд дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэх мэдээлэл цацагдаж байна.
Энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас өөрөөс нь тодрууллаа.
-Таныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шүүхэд өгсөн талаар мэдээлэл цацагдаж байна. Хэр бодит мэдээлэл вэ?
-С.Эрдэнэ сайдыг би ч яг өгсөн юм биш. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт нэлээд олон эмэгтэйгээс Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар гомдол ирүүлсэн. Харин гомдол гаргасан ээжүүд маань хамтран Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл болох С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгсөн. Харин бид тэдгээр гомдол гаргасан ээжүүдэд хууль эрх зүй, өмгөөлөгчийн туслалцаа үзүүлж байгаа. Ер нь бол шүүхэд хохирогч гомдол гаргадаг. Энэ дагуу хохирсон ээжүүд гомдол гаргасан.
-Тэдгээр ээжүүдээс УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт ямар гомдол ирүүлсэн юм бэ?
-Өнгөрсөн сард хэрэгжээд дууссан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөлтэй холбоотой юм л даа. Ээжүүдээс “1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргасан. Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой” хэмээн үзсэн гомдол ирсэн.
-Хэзээ шүүхэд өгсөн юм бэ?
-Өнгөрсөн долдугаар сард өгсөн.
-С.Эрдэнэ сайд та хоёрын хувьд өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар нэг тойргоос дэвшиж, ялалт байгуулсан. Ямар нэг хувийн зөрчил байдаг уу?
-Ёстой тийм юм байхгүй. Нэг дүүргийг төлөөлж байгаа хоёр хүний хувьд бид хоёр “амь нэгтэй”.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ