Н.Удвалд шаардлага хүргүүлэв
ГССҮТ-ийн дарга удирдлага шинээр томилсонтой холбоотойгоор тус эмнэлэгийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээ тасалдаж, эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудал өнгөрөгч долоо хоногт гарсан. Энэхүү асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн Иргэний хяналт шинжилгээний зөвлөл ТББ тус эмнэлэгт шинжээчдийн багийг томилон ажиллуулсан аж. Тус багийнхан өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд дүгнэлтээ танилцуулж, холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Үүний дараа тус ТББ-ийнхан Эрүүл мэндийн яамнаа ирж, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан шаардлага хүргүүлэв.
Уг шаардлагад “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд нь хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд салбарынхаа үйл ажиллагааг сайжруулахын төлөө ГССҮТ-ийн даргын томилгоог хийсэн бол хэн нэгний эрх ашгийг хамгаалсан аливаа бусармаг үйлдлийг шийдвэртэйгээр таслан зогсоож, татвар төлөгчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө нэн шийдвэртэй алхам хийхийг шаардаж байна.
Тухайлбал, хэн нэгэн даргын төлөө ажил хаялт зарлаж, өвчтэй иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож буй эмч ажилчдыг нэн даруй халах,
Ажил хаясан эмч нарыг тангараа зөрчиж, Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хувийн эрх ашгийн төлөө олон зуун өвчтөн, иргэдийн амь насыг эрсдэлд оруулж, өдөөн турхирах замаар ажил хаялтыг зохион байгуулахад удирдаж буй этгээдийг нэн даруй илрүүлж, ТЕГ, АТГ, ЭЦГ зэрэг хууль хүчний байгууллагад өгч шалгуулах
Улсын хэмжээнд бэлтгэгдээд буй мэргэжлийн боловсон хүчний дунд сонгон шалгаруулалтыг яаралтай явуулж, ГССҮТ-ийн хэвийн үйл ажиллагааг 3 хоногийн дотор хангах
ГССҮТ-д олон нийт, иргэдийн төлөөлөл бүхий хөндлөнгийн аудитын багаар хяналт шалгалт хийлгэхийг шаардаж байна.
Бид энэхүү шаардлагынхаа хариуг 7 хоногийн дотор бичгээр авах бөгөөд хариуг эс өгвөөс дараагийн шатны арга хэмжээнд шилжих болохыг үүгээр мэдэгдэж байна’’ гэжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэхүү шаардлагыг ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хорооны гишүүдийн хамт хүлээн авсан юм. Тэрбээр энэ үеэр “Та бүхний шаардлагыг нухацтай шалгаж, нягтлах ажлыг Ёс зүйн хорооныхон хариуцаж ажиллана. Гэхдээ надад ирсэн мэдээллээр эмч нар ажил хаялт зарлаагүй гэж мэдэгдсэн ч төлөвлөгөөт хагалгааг тасалдуулсан нь үнэн бол ноцтой асуудал. Тиймээс Ёс зүйн хорооноос гарах шийдвэрийг үндэслэн холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох асуудал яригдана.
Хамгийн гол нь ГССҮТ дээр үүсээд байгаа асуудал нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэл асар хүчтэй, эсэргүүцэлтэй тулгарч байгааг илтгэж байна. Энэ бүхний цаана маш том асуудал, бүлэглэл байгаа гэдгийг харуулж байна. ЭМЯ-наас эдгээр хүмүүсийг судалж байна. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарийн судалгааг гаргаж, мэргэжлийн боловсон хүчний нөөцөө бүрдүүлж байна. Ажлаа чин сэтгэлээсээ хийх мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон томилох эрх ч бидэнд бий” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ