Казахстанд дахь монгол иргэдтэйгээ уулзжээ
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Элчин сайд Ж.Сүхээ тус улсад амьдардаг монгол иргэдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Казахстанд сурч ажилладаг иргэдийн төлөөлөл бүхий 23 хүн оролцсон байна.
Уулзалтын үеэр Элчин сайд Ж.Сүхээ улс орны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, суугаа орны зарим хууль журмаас танилцуулжээ. Мөн цаашид иргэд сайн дурын холбоо байгуулж, зохион байгуулалтад орох, өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ЭСЯ-тайгаа ойр дотно харилцаатай ажиллахыг зөвлөсөн байна.
Иргэд ихэнхдээ хөдөлмөр эрхлэлт, бүртгэл бичиг баримт, оюутан сургалт, Засгийн газрын тэтгэлгийн талаар асууж сонирхсон бөгөөд ЭСЯ-ны зүгээс хууль зүйн зөвлөлгөө өгч, шинэчилсэн бүртгэлд ороогүй иргэдийг хамрагдахыг зөвлөжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ