“Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад болж байна

.
Манай улсын хувьд энэ өдрөөр зохиогддог нэгэн үйл ажиллагаа бол эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, спорт явган аяллын “Гранд Тур” аялал жуулчлалын улсын олимпиад юм. Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах, салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, хөгжлийн гарцыг эрэлхийлэх, дэлхийн аялал жуулчлалын өдрийг үр бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой тус тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн ба 27-ны өдөр шилдгээ тодруулах юм байна.
.
Арван нэг дэх удаагаа болж буй тус олимпиадад нийт 14 сургуулийн баг оролцож байгаа бөгөөд уламжлал ёсоор мэдлэг сорих центавр тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, спорт явган аяллын тэмцээн зэрэг төрлүүдээр өрсөлдөнө. Олимпиад өнгөрөгч бямба гарагт “Спорт явган аялал”-ын тэмцээнээр эхэлж, Туул голын Хар усан тохойд тэмцээн нь болжээ. Тус тэмцээний нэгдүгээр байрт МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулийн баг түрүүлж, байгалийн ухааны сургуулийн баг удаалжээ. Харин Газарчин ДС болон ХААИС-ийн багууд дараах байруудад шалгарчээ.
.
Олимпиадыг Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, АЖҮТ, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, ХААИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ