М.Ариунболд: Цасанд дарагдсан, хураах боломжгүй болсон талбай байхгүй

img

Сүүлийн хоёр өдөр хүйтэрч, тариалангийн гол бүс нутгуудаар хур тунадас орсон билээ. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/ГТБХЗГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймгийн Цээл, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн Орхон туул, Хушаат, Сайхан сумын тариалангийн 35000 га талбайд 15 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ. ГЗТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “Хөдөө орон нутгаас авсан мэдээллээр дээрх газруудын тариалангийн талбайд тогтсон цас хайлж байгаа. Иймээс цаг агаарын улмаас түр зогсоод байсан ургац хураалт энэ сарын 25-аас эхлэх боломжтой” хэмээв. Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин орчимд 10 см орчим цасан бүрхүүл тогтжээ. Энэ бүсэд нийтдээ 3061 га бууйдай тариалсан бөгөөд мөн л орсон цас хайлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин Булган аймгийн тариалангийн гол бүс нутаг болох Хутаг-Өндөр, Тэшиг суманд уулаараа бага зэргийн цас орсон ч, үүнд тариалангийн талбай өртөөгүй аж. Иймээс эдгээр сумдад маргаашнаас хураалт эхлэх боломжтой юм байна.

Ургац хураалтыг 20-25 хоногт багтаан явуулах боломжтой гэж байсан ч тариалангийн бүс нутгаар орсон бороо, цасны улмаас хураалтын ажил 1-2 хоногоор саатаж байгаа аж. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон хур тунадаснаас болж цасанд дарагдсан, хураах боломжгүй болсон талбай байхгүй байгааг М.Ариунболд хэлсэн юм. Гэхдээ Сэлэнгийн Орхон туул, Сайхан, Төв аймгийн Цээл, Жаргалант, Баянцогт  орчимд тариа бага зэрэг налжээ. Гэхдээ хураахад хүндрэл учруулах хэмжээнд хүрээгүй гэсэн мэдээллийг орон нутгаас нь ирүүлсэн байна. Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөө шөнөдөө тариалангийн бүс нутгуудаар -5-(-10) хэм хүрч хүйтрэх юм байна. Мөн энэ сарын 28-29-ний үед хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах, ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийг ҮХААЯ-наас газар тариалан эрхлэгчдэд анхаарууллаа.

Дашрамд дурдахад, иш өргөгч, морозовыг соёо гэх мэт буудай налсан үед хэрэглэгдэх нэмэлт тоног төхөөрөмжийг хангалттай бэлдсэн хэмээн салбарын яамнаас мэдэгдэв.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ