Ч.Гансүхийг 17 тэрбум төгрөгийн асуудалд холбогдоогүйг мөрдөн байцаалтаар тогтоосон гэв
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр өмгөөлөгч Ц.Гансүхтэй цөөн хором ярилцав.
.
-Та бүхэн ямар учраас өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн бэ?
-Миний үйлчлүүлэгч Ч.Гансүхэд холбогдох хэрэгт 17 тэрбум төгрөгийн хээл хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх асуудал үүсгэж хуулийн байгууллага шалгаж байгаа. Гэвч түүнд холбогдох хэрэгт ямар ч 17 тэрбумын асуудал байхгүй гэдгийг хэлэхээр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд ч мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Тиймээс хэвлэл мэдээллээр дамжуулж түүнийг 17 тэрбум төгрөгийн асуудал байхгүй гэдэг үнэн зөв мэдээллийг хүргэж байна. Мөн түүний биеийн байдал сайнгүй байгааг хэлмээр байна.
.
- 17 тэрбум төгрөгийн авилгал хахууль аваагүйг нотлох баримт өмгөөлөгчдөд байгаа юм уу?
-Бид нар хээл хахууль аваагүйг батлах нотлох баримтуудыг цуглуулж чадсан. Харин нотлох баримтуудаа шүүх дээр дэлгэнэ.
.
-17 тэрбум төгрөгийн авилгал аваагүйг тогтоож чадсан юм бол ямар үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм бэ?
- Энэ хэрэгт холбогдох нийт 17 хавтаст хэрэг байгаа. Гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийднэ. Харин мөрдөн байцаалтын явцад 17 тэрбум төгрөгийн асуудал байхгүйг тогтоосон. Харин бусад үндэслэлүүдийг өнөөдөр хэлж болохгүй. Учир нь мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа. Анх энэ асуудлыг АТГ-ын Э.Амарбат мэдээллэсэн гэж хэвлэлээр бичиж байсан. Гэвч өөрөө ийм асуудал яриагүй гэдгээ албан ёсоор бидэнд мэдэгдсэн.
.
-Өмгөөлөгч хүний бодлоор Ч.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа юу. Ямар үндэслэл байгаа вэ?
-Бидний үйлчлүүлэгчийг буруутгаж, ял сонсгох үйлдлүүд бий. Энэ үйлдлүүдийн талаар би өнөөдөр гэм буруутай, буруугүй гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл шүүх эцсийн гэм бурууг тогтооно. Хэрэв бид өнөөдөр үйлчлүүлэгчийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг ярьвал өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн хэрэг болно. Ямартаа ч, мөрдөн байцаалтын явцад 17 тэрбум төгрөгт холбогдох хэрэг байхгүй, мөн нууц амрагийн дансанд шилжүүлсэн гэх асуудал огт байхгүйг өнөөдрийн мэдээллээрээ өгөхийг хүссэн.
.
-Ч.Гансүхийн биеийн байдал сайнгүй сонслоо. Яг юу нь өвдсөн юм бэ?
-Үйлчлүүлэгч Ч.Гансүхэд чихрийн шижин, даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс түүний өвчнийг харгалзан энэ сарын эхээр батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа. Дээрх өвчнүүдтэй холбоотой эмнэлэгийн дүгнэлт ч гарсан байгаа.
.
-Эдгээр өвчнүүд нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг уу?
-Түүний өвчнүүд батлан даалтад гарах үндэслэл болох ёстой. Харин ялаас чөлөөлөх асуудал өнөөдөр яригдахгүй. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд эдгээр өвчнүүд ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг.
.
-Хоёр хүүд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Тэрийг хэлэх боломжгүй.
.
-Шүүхийн шийдвэр гараагүй байхад өмгөөлөгчид нь мэдээлэл хийж байгаа нь хууль эрх зүйн хувьд хэр нийцтэй вэ?
- Бид өнөөдөр мэдээлэл хийснээр шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэж байхгүй. Харин уг хэрэг маргаантай холбоотой асуудлын бодит байдлыг ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангийн Нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийн тодорхойлолт, шүүгчийн захирамж, магадлал зэргээс тодорхой мэдээлэл өгч байгаа болохоос хэрэгт холбогдох бусад нарийн ширийн зүйлсын талаар мэдээлэл өгөөгүй. Тиймээс бид хууль зөрчөөгүй гэсэн үг.
.
-Энэ хэрэгт нийт хэдэн өмгөөлөгч ажиллаж байгаа вэ?
- А.Ундрах, Ц.Гансүх, П.Сарантуяа нарын гурван өмгөөлөгч ажиллаж байна.
.
Б.Цэрэндэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ