Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлнэ
Өнөөдөр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нээлтийн хэлэлцүүлэг Монгол дахь НҮБ-ын төв байранд болж байна. Уг төсөл ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилгтой юм. Энэ хэлэлцүүлэгт аймаг, дүүргийн ИТХ-ын 70 гаруй төлөөлөгч оролцож, ирэх жилүүдэд төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байна. Хэлэлцүүлгийн хүрээнд ИТХ-ын цахим хуудсыг бий болгох, шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-аас гаргасан хууль, шийдвэрийг сурталчлах зэрэг танилцуулгыг хийлээ. Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцон хэлсэн үгэндээ "Төсвийн тухай шинэ хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө 2010 онтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдсэн. Орон нутаг төвлөрлийг сааруулах бодлогоос ухралгүй, амжилттай хэрэгжүүлэх сорилт тулгарч байна" хэмээсэн бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч С.Синаноглу ардчиллын институци болох ИТХ-ыг бэхжүүлэх, түүнд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд амтарн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Уг төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Тамгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ