Такси № 19

img

Ойрын өдрүүдэд оюутнууд л их таксидаж байна. Аав ээжээс татсан хэд төгрөг нь дундраагүй, сүрхий бийлэгжүү байгаа бололтой. Ингээд хоёр өдрийн халтуурынхаа учрал яриа хөөрөөнөөс товчлон хүргэе.

.

1.Эхлээд гоё байсан

Хорооллын эцсээс ээж охин хоёр суулаа. Охин нь оюутан, суулгах байр хайж хоёр өдөр яваад сая хороололд нэг өрөөг 200 мянгаар хөлслөхөөр болж том ажил нугалаад явж байгаа талаараа ээж нь ийн хуучиллаа.

.

Э/ээж/ -Пээ ноднин, нэг нийтийн байр хөлслөөд ёстой хэцүү юм билээ. Битүү цан цохиод, манай энэ муу охин чинь оргүй гудастай шалаараа унтана. Нөгөө гудас нь доороосоо чийг цохиод нэг очсон чинь бүр хачин зутруу юм сууж байсан.

О/охин/ хажуугаас нь -аймаар чимээтэй тээ.

Э -Юу гэхэв, тэгээд оройдоо нэг галлаж тэр паараа халаадаг юм шиг байгаан тээ. Юу билээ хэн, галч бил үү,...тийн нэг залуу авгайтайгаа тэнд нь амьдардаг. Өдөр бол галлахгүй тэгсхийж дүлийрүүлж байгаад орой галлаад паар нь шөнө амьтан унтахын өмнөхөн нэг амь ороод тэгээд өглөө бас л хүйтэн. Үгүй ээ тэр ерөөсөө л завхарсан байр байсаан.

О -Эхлээд ёстой дажгүй гоё дулаахан байсан тээ.

Т -Тэгээд яагаад өвөл болохоор түлээ модоо хэмнээд байдаг юм болов уу?

Э -Өө угаасаа тэгээд намар эрт хүмүүс байр асуугаад очихоор чинь дулаанд нэг сүрхий галлаад халаачихсан сайхан юм яриад л. Ер нь тэгдэг юм билээ. Болж өгвөл жоохон хүйтрүүлж харж байж ормоор юм билээ.

Т -Энэ гэр хороололд байгаа нийтийн байруудад стандарт энэ тэр гэж байдаг болов уу?

Э -Эд нар ч хамгийн хямд материалаар, ёстой нөгөө арай нэг салхи сийгэхгүй болгож аваад хүн аваад эхэлдэг юм байна. Тэр дулаалга мулаалгыг нь хийгээгүй барьчихсан юмнууд байдаг бололтой. Тэр ноднингийн байр бол тийм битүү цан цохиод, тийм юманд чинь хүний мөнгө авч суулгаж чадаж л байгаам даа энэ улс.

Т -Тэгээд хэл ам хийж гомдол санал тавьбал юу гэхэв.

О -Өө би нэг даараад гэсэн чинь, ганц хүнд зориулж тусад нь галлахгүй. Нийтийн байр ш тээ, миний дүү гээд тэр эзэн гээд ах нь нээх зэвүүн.

Э -Өө, тэд нар хүний үг сонсохгүй байх аа. Урьдчилаад мөнгөө авчихаж байгаа улс, тэр хянадаг шалгадаг улс нь нэг очиж хэлбэл яадгийн гэхээс. За тэгээд тэр хэдээ ч бас аргалаад сурчихсан бараг л ах дүү төрөл садангууд байдгийн юм шиг ээ, тэр янз нь ...энэ бид хоёр шиг ядарсан амьтдыг хамгаалдаг өмгөөлдөг улс гэж ер нь үлдсэн юм уу, мэдэхгүй ...

Т -Хаана байдаг байр байсийн бэ?

О -Үндэсний телевизийн хойшхи нь нэг жижиг жалгын хажууд.

Э -Үгүй ээ тэгээд, би нэг шөнө очиж таарсан нь нохой шувуу нь барьчих гээд дахиж тийм юманд оролтгүй. Дэмий л амьтанд мөнгөө өгч хүүхдээ хөлдүүс болгосон.

Т -Сая тэгээд ямар байр олов доо.

Э -Өө энэ хороололд хуучин үйлчилгээний төв байсныг нь байр болгосон гэнэ. Ядаж л төвийн халаалттай юм байна. Тэр дотроо нийтийн ноль, устай яахав. Ядаж л халаалт нь найдвартай юм даа...

О -Ээж ээж, би тэгэхээр чинь энэ гэмтлийн буудлаас эцэс рүү нэг дамжиж байж сургуульдаа очих нь ээ?

Э -Харин юу билээ, нээрээ эндээс төв замаар явдаг Багшийн дээд хүрдэг автобус байгаа бил үү.

За миний охин тэгээд болох байлгүй энэ олон автобус унаа дунд тийшээ явдаг юм байгаа байлгүй дээ.

.

Нэг хичээлийн жилд суух байраа олж авч том ажил амжуулсан ээж охин хоёр маргааш эрт нүүж суухаа ярьсаар телевизийн хуучин эцэс хүрээд буулаа. Нийтийн байрыг нэг нийтээр нь шалгаж цэгцлэх болсон байх аа. Хөөрхий оюутнууд даарч зутарч өвөлждөг гэж байна шүү.

.

2.Хадаг нь пэмпэлзээд л ..

З/залуу/ -Ах саяхан би чинь нэг газ машинтай Сэлэнгэ рүү сайхны хөтөл орж үзлээ. Энэ газ тэрэг чинь шулуундаа бол ёстой иддэггүй зүгээр юм билээ ш тээ. Таных бас газ юм байна тээ. Тэр Баянбүрдийн тэнд нэг хий авдаг газар байдаг юм билээ, тэнд хийг нь авахуулаад 60 литр газ шахаж аваад гарсан бараг идээгүй, газ ч уг нь бага идвэл хямд  хэмнэлттэй юм билээ.

.

Т -Сайхны хөтөл гоё байгаа биз. Нөгөө Ариунаагийн клипний зургаа авсан газар мөн үү?

З -Тийн байх оо, тэрийг нь ч сайн мэдэхгүй. Их гоё харагддаг юм билээ. Орхон Сэлэнгэ яг нийлээд л томоо тохой тээ. Сэлэнгэ чинь Улаан хадны хөшөөтэй юм билээ. Өөрсдийгөө улаан хадны өлгий нутаг гээд л. Харин бороо байнга ороод нэг их хээр хонож тухалж чадаагүй ээ.

Н/найз нь/ -Дарханд тэгээд газ байна уу?

З -Өө байна лээ, асуудалгүй юм билээ. Тэгээд аймгуудад Газийн колонк нээчихмээр юм билээ дээ. Тэгвэл эд нар ч нь аймаг хооронд бол сүнгэнээд л байх юм билээ.

Т -Хойшоо тэгээд буудал үйлчилгээ ямархуу байна?

З -Яах вэ, 4 ортой зүгээр нэг дан өрөө 30.000 төгрөг гэж байна лээ. Гахайн мах чинь хямдхан юм аа, бид нар  эндээс гахайн мах авчихсан чинь харамсч байгаан чинь. Тэнд үхрийн мах ч хямдхан байна лээ, таван мянга хэдэн зуутай.

Ээж модон дээр нь хүмүүс бас их очиж байна аа. Уг нь жинхэнэ ээж мод нь шатчихсан юм билээ ш тээ. Өө тэр хадаг нь үнэн замаа алдаж байгаа юм билээ. Тэр хадаг нь бүүр бөөгнөрөөд хөл доор пэмпэлзээд эвгүй юм билээ. Кк нэг л буруу юм хийгээд байгаа юм шиг санагдаад, нээх тийм сайхан газар биш юм билээ.

Манайхан чинь зарим нь согтуу, мод тэвэрчихсэн ээжээ намайг уучлаарай, би бурууджээ гээд л уйлаад ккк, авгай нь, сайн уйл сайн гуй чи гээд л ккк

Н -Тэнэг гарууд байхийн маа.

З -Караокед ороод мань чинь Сэлэнгийн...Дарханаас ирсэн хоёр гурван охин, дуулсан чинь тэр малгайтай залуу гээд л манийг чинь, гэр бүлгүй явсан бол кк. Бас цаашлаад хэцүү болох байсийн билээ.

Н -Авгай чинь цуг явсан биз дээ, нам суув уу.

Т -Одоо тэр хадаг уядгийг больё гээд байгаа даа, хүмүүс хадаг уяад л байна уу?

З -Өө зөндөө л хадаг байлаа ш тээ. Харин бүүр урьдынх нь хадгууд газар овоороод шал шиг болчихсон пэмпэлзээд байгаам чинь. Тэгээд цэвэрлээд дараа нь хадгаа уяад хогоо хаяад л байдаг юм шиг билээ. Хөөрхий нэг зовсон хэдэн мод байнаа байнаа тэнд...

.

3.Тал шуудай төмс л авлаа

.

Хархорин захаас хүнсээ цуглуулж яваа бололтой бүсгүй мөн л Телевизийн хуучин эцэс хүрье гэлээ.

Т -Зах дээр хүн ихтэй байна уу, юмны үнэ өссөн байна гээд л байхийн.

Х/хүүхэн/ -Өссөн шиг байнаа. Печень чихэр ойр зуурын амттан энэ тэр бүгд л өссөн байна. Эндээс 200, 300 төгрөгөөр нэмэхээр дэлгүүртэй 400-500-аар нэмэгдэж байгаа л даа. Хүүхдийн памперс авсан чинь уг нь 600-аар авчихдаг байсийн тэгсэн, 700 гэж байна ш тээ.

Ер нь сая л анзаарлаа. 300-400 төгрөгөөр бол юм өссөн байнаа. Нэлээн л юм авья гэж бодсийн, чадсангүй ш тээ. Хүнсний ногоо л нэг гайгүй байх шив дээ. Дийлэхээр нь тал шуудай төмс л авчихлаа.

Одоо нөгөө цахилгаан, дулаан өсөөд гараад ирэхээр амьдрал ч бас л хүндрэх гээд байна шүү...

.

4.Гоё газар орьё

.

Ахаа хороолол хүргээд өг гэсээр хөөр баяртай хөл нь хөнгөрсөн 2 охин, 2 хүү Их сургуулийн дэргэдээс суулаа. Оюутнууд бололтой. Урд суусан охины утас дуугарч байна.

.

О1/охин/ -Өө за, хөөш ээ, за балайтаад бай, бид хэд такси аваад хороолол гарч байна. Үгүй ээ, шууд тэндээ уулзая, тэгнэ биз, харагдаач та нар ха ха, заза шууд л нэг газар орчихьё. Тэди-гийн хажууд нэг газар байдаг даа, за за очоод харчихаад хэлье.

О2 -Оогий данс барьж байгаа энэ хүнээр шууд таксигаа төлүүлнэ шүү, хэдүүлээ.

З/залуу/ -Харагдаач нийтийн юмыг хайрлана шүү.

О1 -хөөш, нөгөө чамтай ирсэн 10 жилийнх гээд байдаг охин бий ш тээ, тэдний ангийнхан эртээр хийчихсэн үү тээ.

О2 -“Пари”-гаа юу? ..тэгсэн гэсэн. Сансарт нэг бааранд орсон, яахав дээ л болсон гэсэн. Гэхдээ угаасаа л тэд нар жоохон гурай нийлсэн юм шиг байна лээ, нэг хүүхэд 6.500 гэсэн бил үү.

З -Өө за за тэгээд тэрэнд чинь юу авахийн.

О1 -Өө тэгээд л пиво миво нэг хоёр ирнэ ш тээ.

З -Арай ч горойно оо, ядаж 10000 бол тээ.

О1 -Одоо хэдүүлээнээ гоё хийнэ шүү, миний тэр хэлээд байгаа газар гоёо. Эртээр бид нар чинь дотроос түгжүүлж байгаад бараг л хоёр хүртэл үргэлжилсэн ш тээ. Юм нь ч хямдхан.

О2 -Хөөш би замаараа ороод нэг 20-ийн сав аваад, нөгөө эгчийн айргийг султгаж оруулж өгчихөөд араас чинь очьё тэгэх үү.

О1 -Ёооё бүр сав мав худалдаж авах юм уу?

О2 -Үгүй ээ, айлд сав нь бэлэн байгаан, Боогий бид хоёр буучихья тэгэх үү. 20 литр айраг чинь хүнд ш тээ, тэгье л дээ, Боогий.

З -Тэр айргаар яах гээд байгаан.

О2 -Манай эгч зараад мөнгийг нь хуваагаад аваарай гэсийм даа, за тэгье бид хоёр Ганданд дээр түр буулаа шүү.

Хүүхдийн урлангийн дэргэд гэрэл дохио хүлээн зогсч байтал огт дуугарахгүй суугаад байсан нэг хүү нь, ахаа болох уу ч байхгүй, шууд л буун замын нөгөө талд гарч алхав.

З -Хөөе, энэ Мэндээ, энэ одоо яав аа.

О1 -Хөөе, маяглаад байгаарай, явж байгаа бол мөнгөө өгчихөөд яваач ээ.

Залуу хүү хариу нэг юм хэлсэн боловч бидэнд сонсогдсонгүй.

О2 -За араас ирэх л байлгүй дээ, түрүүн нэг хүнтэй утсаар маргаад ч хэрэлдээд ч байх шиг байсийн. Энэ гэхдээ нэг л хачин тээ.

Оюутнууд тэр баар энэ клуб гайгүй гэж нийлэх уух газраа товлон ярилцсаар бөөнөөрөө Гандан дээр буулаа. 1-р дамжааныхан хөөрхөн юмаа, эвдрээгүй. Ахаа 1500-г өгчихье тэгэхүү гэж нүд амаа эргэлдүүлж байгаад манийгаа аргалчихсан шүү.

.

4.Энэ хэдэн банди нар нь дарчих гээд...

Тэр оройдоо, бараг л 23 цаг өнгөрч байхад Өргөөгийн урдаас нэг охин суулаа.

.

Т -Чи яасан орой ганцаараа явж байхийн?

О -Би юу, өнөөдөр нөгөө манай танилцах болоод, танилцах үдэшлэг гээд тийм болдог ш тээ.

Т -Өө чи нэгдүгээр дамжааны оюутан юм уу?

О -Тийн, тэгсэн чинь өнөө танилцах чинь их “Саагж” байна аа...

Т -Яаж байнаа...Саа.. юу гэнээ.

О -Саагж байнаа, банди нар нь пиво архиа ууж идээд, онгирцгоогоод, би яахав дээ хоёр пиво уугаад жоохон тэгээд...  гараад ирлээ.

Т -Аан тэгээд дуусгаагүй гаргаад ирж байгаа юм уу?

О -Тийн, ккк тэгэхгүй бол бараг л янзалчих гээд байгаа юм чинь.

Т -Янзлах аа? аан, өө айхтар айн.

О -Тийн аймаар байна банди нар чинь, зүгээр хэдхэн пиво уугаад л тасрах нь ээ гээд л, хөөрхий амьтад тэгээд ууж чадахгүй юм аа, ёооё.

Т -Хөвгүүд нь үү, охидууд нь уу?

О -Хөвгүүд нь ээ инээдтэй, охидууд ч яахав зарим нэг нь согтож байх шиг байна. Банди нар нь согтоод л гол ажилдаа орцгооё ч гэх шиг... би бол тийм амархан согтохгүй ш тээ, хоёр пивонд бол зүгээр ш тээ.

Т -Чи тэгвэл айхтар охин байна, эсвэл тийм сайн уугаад сурчихсан юм уу?

О -Үгүй ээ, угаасаа л санаатай байхгүй юу. Манай нэг хэдэн охид согтоод эхэлж байнаа, яанаа яана банди нартаа даруулнаа одоо. Манай арван жилийн ангийхан чинь аймаар амралт энэ тэр рүү явж уудаг байсийм чинь. Тэгэхэд чинь гайгүй л байцгаадаг байсий ш тээ, өө энэ ангийхан бол аймаар шууд л согтоцгоогоод.

Т -Арван жилийн сургуульдаа л нэлээн даагаад сурчихсан хүн юмаа даа чи.

О -Кк нээрээ сурахгүй бол болохгүй ш тээ яалт ч үгүй, лай болоод, тэгээд согтож могтоод янзлуулчихсан байвал бүтэхгүй биз дээ. Ядаж хэнд янзлуулснаа мэдэж байхгүй бол ...ккк баларсан юм болно ш тээ. Тэгснээс нээрээ, энэ хэвээрээ гэлэнмаа явсан нь дээр, ёооё ядаж ямар хүйтэн байна...

Т -Би уг нь паар тавиад л байна, урд халаад би түрүүлээд хайлчих гээд байна аа.

О -Хайл хайл, хайлан урс ккк.

Т -Аль сургууль юм бэ?

О -Их засаг сургууль..

Т -Та нар чинь одоо нөгөө арван жилдээ анги алгасаж үсэрч дэвшээд, зарим нь одоо 16, 17-той оюутан болчихсон байгаа юу тэ. Тэгээд пиводоод байдаг айн.

О -Тийн, бид чинь жоохон ш тээ. Гэхдээ зөнөг зөнөг юмнууд байнаа. 30 гарчихсан ч оюутан байна. Хаагуур юу хийж яваад одоо сурж байгаан ккк.

Т -Юуны анги вэ тэгээд.

О -/оо эвшээнгээ/Эрх зүйн анги.

Т -Ангидаа хэдүүлээ байна даа.

О -35-уулаа байна аа, манай ангид ч мэдэхгүй ээ. Олигтой банди нар байхгүй юм шиг байна оо. Нэг бандийг нь гайгүй юм уу гэсэн, бас л яахав дээ санагдлаа ш тээ.

Т -Чи тэгээд эрх зүйч ангиа өөрөө сонгож сонирхож байгаа юу?

О -Мэдэхгүй ээ, ээж аав хоёр ор гээд тэгээд л орчихсон. Гэхдээ угаасаа эрх зүйгээрээ орох юм бол манай хамаатан энэ тэр чинь баахан хуулийн хүмүүс гээд байж байгаам чинь. Ажил нь бол угаасаа бэлэн. Тэгээд л оруулчих шиг болсийн ш тээ...

Ажлын байр нь бэлэн нэг ийм аманцар охинтой буу халлаа. Энэ тэнд бөмбөг тэсэлчих гээд цаг ороо бусгаа байх үед оюутнууд л нэг сайхан, санах бодох юмгүй танилцах “Пари” гэдгээ хийгээд л явцгааж байх юм даа.

.

5.Орж амжаагүй байхад дэлбэлэх нь үү дээ

Хоёр залуу Их дэлгүүр гээд суулаа.

.

З -Гарууд ордонг, яамнуудыг дэлбэ авах гэж байжээ.

Н/найз/ -Худлаа, чадахгүй ш тээ бас л нэг мөнгө л салгах гэсэн комби байсан байх.

З -Зурагтаар тэр гранат бөмбөг нь гарсан гэж байна лээ өчигдрийн мэдээгээр.

Н -Манайх шиг ийм жоохон оронд угаасаа “теор” хийх гэвэл бүтэхгүй, дороо баригдана ш тээ. Кк бараг, жоохон оронд чинь юм бүхэн ил, тагнуулынхан сайхан ажилладаг гэсээн. Бараг 3 хүний нэгнээс нь мэдээлэл авч байдаг юм биш үү...

Н -Тагнуулынхан сайн гэсэн, Кореа мореа нар бол бүр л аймаар байдаг байх тээ.

З -Тийм биз, пиг камер хяналт, тэр банкны дотор байдаг тольнууд нь камер гэсэн кк, тэнэг гарууд хулгай хийх гэж ороод л толинд үс зүсээ засаад л оо кк, жинхэнэ гартуулна биз дээ.

Н -Саяны хэд, гэхдээ нээрээ дэлбэлсэн бол өнөөх цэнхэр өндөр бол аймаар болно доо, тэнд чинь юу байдгийн.

З -Мэдэхгүй орж үзээгүй кк, орж үзэж амжаагүй байхад чинь гарууд дэлбэлээд нураах гэж байна ш тээ кк ..худлаа даа манай энэ хөдөлгөөнийхөн. Нэг талаас нь мөнгө л хийж яваа, тэрнээс ямар тэнэг гранатаа өвөртлөөд л очиж байдгийн. Ядаж л “теор”-той кино үздэг л гарууд байлгүй дээ ккк,

Надад хандан “Ах хүү орж үзсэн үү, тэр шилэн өндөр мөндөрт, айн хурдан орж дээд дэвхэрт нь гарч үзэхгүй бол гарууд дэлбэлээд нураачих гээд байна шүү ккк за за энд бууя, сүртэй сүртэй юм баахан ярилаа ш тээ ккк” гэсээр буулаа.

.

Нээрээ дэлбэрсэн бол яана аа гэж төсөөлтөл бужигнасан олныгоо бодоод нуруу хүйт оргилоо.

.

Үргэлжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz :
ene neg zugaa tsengeen arhi tamhinaas oor bichih yum uneheer bhgui yu
2013-10-07
99..:
за би ч бас саяхан оюутан байж байгаад одоо ажил амьдрал дээрээ гараад нухлуулж явахад одоогийн оюутнуудыг хараад жаахан сэтгэл дундуур байх юм. Бидний үед 70 малгүй болоод л байсан. харин одоо оюутнууд 70 авна тэгээд шоудна. Уг нь тэр чинь бидний махаа зулгааж байж олдог мөнгө юм байгаамшд. Би өөрөө архи уудаггүй, олсон хэдээ хямгадах гэж үсээ зулгааж байхад тэрийгээ татвар гэж дээрэмдүүлээд нэг урагшгүй оюутны цэнгээний мөнгө болоод явж байна гэж бодохоор хайран байна. Ядаж дэвтэр ном авч байгаа оюутан үнэхээр цөөхөн байгаа...
2013-09-20
юүүүүүби:
анх оюутан болоод хотод ирээд юу ч мэдэхгүй хүн зутарч байж билээ. улаанбаатар гэж мөнгө төгрөг арай илүүхэнтэй байхгүй болч хүнийг хог дээр шидэхээр заваан газар шүү. одоо ямар болсон юм арай дээрдээ байлгүй
2013-09-19
zochin:
amjilt.daraagiin temdegleliig huleej baiy
2013-09-19
8888:
би бас тахинд явдагийн тайлангаа ингээд оруулчихвал бас л сонин юм байна тэ.
2013-09-18
нийтийн байр:
нийтийн байр ч үнэн байна аа хөдөө яваад хүүхдэд нь дайвар хүргэж өгөх гэж ёстой яг энд бичсэн шиг цантсан өрөөнд ороод өрөвдсөн шүү
2013-09-18
unshigch:
real life
2013-09-18
hulguu.:
yandaa ene oyutnuud etseg ehiinhee arai gej ugsun mungiig zugaa tsengelees uguud tuuchihdag.
2013-09-18