МИАТ компани 100 хувь аюулгүй ажиллагаатай гэдгээ баталлаа

img

Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо IATA байгууллагаас IOSA /IATA Operational Safety Audit/ буюу Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалтыг Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК –нд энэ сарын 09-нөөс 13-ны хооронд хийж дууслаа.

Энэ шалгалтад тэнцсэн авиакомпанийг нислэгийн аюулгүй байдлыг хангасан гэж олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд МИАТ компани анх 2007 онд шалгуулахдаа 100 хувийн амжилт үзүүлж, аюулгүй байдлаараа дэлхийн төвшинд хүрсэн авиакомпани гэдгээ нотолсон юм. Хоёр жил тутам хийдэг энэ шалгалтаар МИАТ компани 2009, 2011 онд амжилтаа бататган мөн 100 хувийн амжилт үзүүлсэн билээ.

Маш өндөр шалгуурт тавьдаг энэ шалгалтаар авиакомпанийн бүхий л чиглэлийн үйл ажиллагаа, нислэгийн аюулгүй ажиллагааны бичиг баримт, компанийн үндсэн болон холбогдох бүх журам, зааврыг боловсруулсан байдал зэргийг шалгадаг юм. МИАТ компани нислэгийн аюулгүй байдалдаа онцгой анхаарал тавьж, аюулгүй ажиллагааны түвшинээ байнга дээшлүүлэхийг чармайн ажилладагийн дүнд IATA байгууллагын Аюулгүй ажиллагааны энэ удаагийн аудитын шалгалтад ч мөн урьдчилсан байдлаар 100 хувийн амжилт үзүүллээ. Шалгалтын эцсийн дүн сарын дараа гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ