Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа шалгалтад бүдэрлээ

Шалгалтыг Говийн их дархан газрын “А, Б” хэсэгт, Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газруудын хамгаалалтын захиргаануудад өнгөрөгч сарын 16-26-ны хооронд хийсэн байна.
Дээрх тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанууд нь судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулаагүй, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож, хяналт тавьж ажиллаагүй зөрчлүүд илэрчээ. Мөн Мянган Угалзатын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтыг бүсэд вольфром олборлох үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Эдгээр зөрчлүүдийг арилгуулахаар хамгаалалтын захиргаа бүрт 25 заалт бүхий улсын ахлах байцаагчийн таван албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг ирүүлэх хугацаа хараахан болоогүй байгаа аж.
Харин Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд хийсэн шалгалтаар газар ашиглаж байгаа 110 иргэн, хуулийн этгээдийн нэр дээр хийгдсэн кадастрын зургийг солбицол өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх талаар арга хэмжээ аваагүй, албан ёсны баримт бичиг арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэглээгүй байжээ.
Үүнээс гадна кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулаагүй, газрын хяналтын баталгааг аж, ахуй нэгжүүдээр хийлгээгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Мөн зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ