Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-т шалгаж байна
Өнөөдөр Төрийн ордоны гадна "Гал үндэстэн" холбоо тэргүүтэй 11 холбоо, төрийн бус байгууллага жагсаал хийсэн билээ. Энэ үеэр тус хөдөлгөөнүүдийн төлөөлөл болох “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгье ТББ”-ын тэргүүн Г.Болдбаатар, “Ариун суварга хөдөлгөөн”-ий тэргүүн Г.Чагнаадорж нар Төрийн ордонд долоон сумтай АКА, Макаров гар буу, цэнэгтэй хоёр тэсрэг бөмбөгтэй нэвтрэх гэж байгаад баригдсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт есөн хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-т шалгаж эхэлжээ. Харин ордоны гадна лоозон барин жагсаал хийж байсан 11 төрийн бус байгууллагийн төлөөлөгчдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан” гэх үндэслэлээр мэдүүлэг авч эхэлсэн байна.
Дашрамд дуулгахад, Төрийн ордонд болсон хэргийн улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. Харин гал зэвсэгтэй Төрийн ордонд нэвтрэхийг завдсан “Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгье ТББ”-ын тэргүүн Г.Болдбаатар цагдаа нарт байцаагдаж байх үедээ ухаан алджээ. Тиймээс түүнд түргэн тусламж үзүүлсэн байна.
Б.Цэрэндэжид
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ