Сэтгүүлчдийн дунд “Шүүхийн шинэчлэл ба хүний эрх” уралдаан зарлалаа

img

Улсын дээд шүүхийн тамгын газраас “Шүүхийн шинэчлэл ба хүний эрх” сэдэвт  уралдааныг сэтгүүлчдийн дунд энэ сарын 10-аас ирэх арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зарлалаа. Тус уралдаан нь шүүхээс хүний эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн талаар бодит ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой аж. Сэтгүүлчдийн бүтээл нь эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хэлбэрээр хүний зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсан тохиолдлоос иргэд, хуулийн этгээдэд сургамжтайг нь тод томруун дүрслэн харуулах, шүүхийн шинэчлэл нь хүний эрхийг нөхөн сэргээхэд ямар нөлөө үзүүлэх талаар харьцуулан дүгнэлт, бодомж бүхий агуулгатай байх ёстой байна. Уралдаанд оролцож буй бүтээл нь сэдэв, агуулгад бүрэн нийцсэн буюу шүүхээс хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй үйл ажиллагааны талаар тодорхой тусгасан, сэтгүүлзүйн бичлэгийн шаардлагыг хангасан, үнэн зөв, бодит мэдээллийг тусгасан болон хуулийн, шүүхийн процесс үйл ажиллагааны талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх зэрэг шаардлагуудад нийцсэн байна. Мөн уралдаанд оролцох бүтээлийг заасан хугацаанд хугацаанд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлж, гаргасан байх хэрэгтэй аж. Уралдаанд оролцуулах материалыг арван нэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улсын дээд шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс / өрөө 102/-т хүлээн авна. Сонины материалыг нийтэлсэн эхээр нь тухайн өдрийн сонины дугаартай, Сайтын бүтээлийг огноо, линк зэрэгтэй нь сайтаас татан хавсаргаж, Tелевиз, радиогийн нэвтрүүлгийг хальсанд хуулан авчирч өгөхдөө зарлагдсан болон гарсан талаарх баримт хавсаргах хэрэгтэй. Үүнээс гадна сонин болон сайтын бичлэгийн тухайд нийтлэл, ярилцлага, сурвалжлага,тэмдэглэл,  эсээ аль ч төрлөөр бичигдсэн, сонины тал нүүрээс багагүй хэмжээтэй байх. Эсвэл тухайн сэдвийн дагуу бичигдсэн 5 мэдээг нэг материалд оруулан тооцож болно. Харин телевиз, радиогийн нэвтрүүлгийн тухайд 20-оос дээш минутын бие даасан нэвтрүүлэг байх, мөн тухайн сэдвийн дагуу нэвтрүүлсэн 5 мэдээ, тодруулгыг нэг материалд оруулан тооцож болох юм. Бүтээлүүдийг телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр эхний 3 байрт шагнал олгоно. Шагналын нийт сан- 2 сая төгрөг бөгөөд эхний байрт 500 мянган төгрөг, дараагийн байрууд 200-300 мянган төгрөг,  батламжийн хамт олгох аж.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ