Р.Нямдорж: Долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй

.
-Үндэсний их баяр наадам удахгүй болно. Та бөхийн галаар явав уу. Бөхчүүдийн өнгө хэр байна?
-Явалгүй яахав. Хэд хэдэн галаар орсон. Бөхчүүд маань бяр, хүч нь тэгшрээд бэлтгэл сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд ямар бөх түрүүлэхийг урьдчилан хэлэх боломжгүй болсон. Учир нь бөхчүүд бэлтгэлээ сайн базааж, ур чадвараа гаргаж барилддаг болжээ. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд аймгийн арслан түрүүлсэн бол түүний өмнө жил Улсын начин хүн түрүүлж байсан. Тиймээс энэ жил тийм бөх сайн барилдаж, түрүүлнэ гэж хэлэх боломжгүй.
.
-Сүүлийн үед залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Өнгөрсөн жилийн наадам гэхэд урьдаас таашгүй шинэ залуучуудаар хүч нэмж байсан шүү дээ?
-Монгол бөх ажил эрхлэлтийн шинжтэй болсон. Хуучин цагт улсын заан Долгорсүрэн жолооч, улсын заан Амартүвшин жолооч, улсын заан Давааням цагдаагийн дарга гэдэг ч юм уу тус тусдаа ажилтай хүмүүс байлаа. Өнөөдөр бол зөвхөн барилдах ажлаа хийдэг хүмүүс болонгуут хэн бэлтгэл сайтай нь гарч ирдэг болсон. Хуучин цагт хэн байгалиас илүү заяагдсан нь хаядаг байсан бол одоо бэлтгэлтэй нь амжилт үзүүлдэг болсон. Дөрвийн давааг оноолттой болгосон нь аймгийн цолтой бөхчүүдэд ташуур болж өгсөн. Дөрвийн даваанд хэнтэй ч таарч болно. Хэнбугайг ч хаяж байж дээд цолонд хүрнэ гэсэн шийдлээр залуучууд эрэмгий барилддаг болсон. Өнгөрсөн жилийн барилдаанд залуучууд үнэхээр таашгүй гоё барилдлаа. Залуусаар бахархах ёстой. Бүгдийг харлуулж болохгүй биз дээ. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна.
.
-Улсын баяр наадамд монгол туургатны бөхчүүд зодоглодоггүй. Тэгсэн хэрнээ цагаан сар болон бусад заал, сорилгын барилдаанд тэд зодоглоод байдаг. Энэ ямар учиртай юм бол?
-Энд жаахан зөрүү бий. Бид Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны бөхчүүдийн Үндэсний их баяр наадмаас бусад бүх барилдаануудад зодоглохыг зөвшөөрч байгаа. Харин Монгол Төрийн наадамд өөр тусгаар улсын бөх барилдуулахыг дэмжихгүй байгаа юм. Яагаад гэвэл, Үндэсний их баяр наадам гэдэг чинь зүгээр нэг тэмцээн биш, 1921 оноос хойш тэмдэглэж ирсэн тусгаар тогтнолын баяр. Мөн монгол бөхчүүдэд цол олгодог монгол түмний баяр. Ийм баярт гадаад улсын бөхчүүдийг барилдуулах нь зохимжгүй юм.
.
-Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх тухай маргаан дэгддэг. Үүнээс болж МҮБХ допинг хэрэглэсэн гэх бөхтэйгээ үл ойлголцож, маргаан үүсгэх болсон?
-Бөхчүүдээс 1999 оноос хойш жил бүр допингийн шинжилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, тавын даваанаас дээших 32 бөхөөс шинжилгээ авдаг. Энэ шинжилгээг Допингийн эсрэг төвөөс авдаг. Бөхчүүдээс авсан шинжилгээний дээжийг БНСУ руу явуулдаг. Тэд нэг тамирчны шинжилгээг 200 гаруй ам.доллараар хийдэг. Харин тэндээс ирсэн хариуг манай холбооны эмнэлгийн комисс, тухайн спортын төрлийн холбооны Удирдах зөвлөл, мөн тамирчныг байлцуулан хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, МҮБХ допинг илэрсэн бөхөө олон нийтэд зарладаг үүрэгтэй. Бид тэр үүргээ л биелүүлсэн. Гэтэл зарим бөх өөрийн буруугаа ухамсарлахгүй, над руу дайрч давшлах үйлдэл гаргасан.
.
Уг нь тамирчин хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах бүрэн эрхтэй. Ер нь допингийн шинжилгээ авахад 100 грамм орчим шээсийг А, Б гэсэн хоёр саванд хийж явуулдаг. Ямар нэгэн маргаан гарлаа гэхэд үлдсэн Б савтай хэрэглэгдэхүүнийг дахин шинжилдэг. Тэгэхдээ тухайн тамирчин бүх зардлыг даана л даа. Б савны шинжилгээ А савныхаас ер нь зөрөхгүй.
.
-Улсын арслан Х.Мөнхбаатар та хоёр хоорондоо учраа олж ойлголцсон уу?
-Яг нүүр нүүрээ тулаад ойлголцсон юм байхгүй.
.
-Та үнэхээр Х.Мөнхбаатар арсланд “70 сая төгрөг өгье” гэсэн юм уу?
-Огт тийм зүйл болоогүй. Намайг бөхийн хамт олон мэднэ. Тэгээд ч надад тэр 70 сая төгрөг нь ч байхгүй. Байлаа ч, би хүүгийнхээ цолыг ахиулах гээд хүнд мөнгө өгөөд явах хүн биш. Миний хүү чинь начин авах гэж байгаа хүүхэд биш. Үнэндээ улсад үзүүрлэж байсан Улсын гарьд цолтой бөх хүн шүү дээ. Х.Мөнхбаатар хүн гүжирдсэнийг би сүүлд ойлгосон л доо. Хэн нэгэн цаана нь үг зааж өгсөн юм билээ. Одоо ч монголд бүтэн нэртэй хүн үлдээгүй юм биш байна.
.
Сонгуулиар аваргаа дэмжиж хамт байсан
.
-Сүүлийн үед цол, чимэгтэй бөхчүүд нэлээдгүй улс төржих хандлагатай болжээ. Энд МҮБХ-ны тэргүүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь бол манай үндэсний бөх улс төржөөгүй. Миний хувьд улс төрийн ямар нэг намын гишүүн биш. Гэхдээ сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хажууд 50 хоногийн турш байлаа. Ингэхдээ би хоёр намын аль нэгийг сонгосондоо Б.Бат-Эрдэнэтэй хамт байгаагүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын дархан аварга хүн дэвшиж байгаа учраас МҮБХ-ны тэргүүн хүний хувьд хамт байлаа. Хэрэв Б.Бат-Эрдэнэ маань энэ сонгуульд ялсан бол монгол бөхийн оюуны чадамж, нэр хүндийг дэлхийн түвшинд гаргах байсан. Энэ асуудлаа би Ц.Элбэгдоржид сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө хэлсэн.
.
Миний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг аль алийг нь олон жилийн өмнөөс мэднэ. Энэ залуучууд 1990 онд намайг их сургуульд багш болсон байхад нэг нь улс төрд, нөгөө нь спортод цахиур хагалж гарч ирж байсан түүхтэй.
Харин бусад бөхчүүд улс төрд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгааг хувь хүний сонголт гэж хэлмээр байна.
.
-МҮБХ-ны дараагийн тэргүүнийг ямар намыг гишүүн байгаасай гэж хүсч байна вэ?
-МҮБХ бол аль нэг намын байгууллага биш. Бас миний хувийн өмч биш. Тийм ч учраас дараагийн тэргүүнээ аль нэг намыг харъяалалгүй хүн байгаасай гэж хүсэж байна. Би ажлын халаагаа өгөхдөө ч ийм шаардлага тавих болно.
.
-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж саяхан бөхчүүдэд цол чимэг нэмэх тухай хууль санаачлан, чуулганаар хэлэлцүүлсэн. Энэ хуулийн төсөлд танай холбооноос санал оруулав уу?
-Үгүй. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж үндэсний бөхийн цол чимэгтэй холбоотой хууль санаачилсан гэж сонссон. Гэхдээ манай холбоонд хуулийн төслийн талаар материал албан ёсоор ирүүлээгүй, санал аваагүй. Тэр ч байтугай, бөхчүүдээс санал аваагүй байна лээ. Үүнд МҮБХ гомдолтой байгаа. Гэхдээ дөрөв түрүүлсэн хүнд Дархан аварга цол олгох шаардлагатай гэдгийг манай холбоо хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос өмнө МҮБХ-ны дэд тэргүүн Данзан бичиж байсан. Сураг сонсох нээ, түүний санааг хуулийн төсөл болгож байгаа бололтой. Түүнээс биш, цолыг дүйцүүлэн олгож огт болохгүй.
.
Эмэгтэй хүн барилдвал Монгол бөх биш
.
-Саяхан “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний бөхийн холбоо” байгуулагджээ. Үүнтэй холбоотойгоор цахим сайтуудад зодог, шуудаг өмссөн бүсгүйчүүдийн зураг цацагдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Тэр монгол бөх байж чадахгүй байх. Монгол бөхийн нэвтэрхий тольд “Нэгдүгээрт, монгол бөхөд жин тогтоож болохгүй. Хоёрдугаарт, монгол бөхийн гараа, дэвээ, дэлээ, шаваа зэрэг хөдөлгөөнийг өөрчилж болохгүй. Гуравдугаарт, монгол үндэсний бөхийн өмсгөлийг өмсөх жаягийг өөрчилж болохгүй” гэсэн дархлаа бий. Энэ гурван зүйлийг өөрчилвөл, монгол бөх биш. Тэрийгээ өөрөөр нэрлэх байлгүй. Эмэгтэй хүн зодог, шуудаг өмсөн барилдана гэвэл бид Монгол бөх гэдэг брэнд нэрийг хэрэглүүлэхгүй. Энэ нэр дэлхийд бүртгэгдсэн.
.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин спорт хороодыг нэгтгэж, бөхчүүдийг цөөлөх тухай ярьж байна. Энэ асуудлын талаар МҮБХ-нд албан ёсны мэдэгдэл ирэв үү?
-Би Х.Тэмүүжин сайдаас битгий тийм зүйл хийгээч гэж гуймаар байна. Хэдийгээр урлаг, спортынхон материалаг баялгийг бүтээдэггүй ч, баялаг бүтээж байгаа иргэдэд урам зориг, сэтгэлийн хат, тэвчээр, таашаал өгдөг. Үүний нэг жишээ, 2008 оны 7-р сарын 1-ний “хар өдөр”-ийн дараа монголчууд сэтгэл зүйн хувьд ямар хүнд байсан билээ. Тэгтэл тэр оны 8-р сард Олимпийн аварга Н.Түвшинбаяр Бээжингээс анх удаа медаль хүртэж, олны сэтгэлийг дэвтээсэн билээ. Спортын олон хороод, нэгтгэл оршин тогтнож байж хоорондоо өрсөлдөнө. Тэндээс олон чанартай тамирчин төрж, тив дэлхийд монголынхоо нэрийг дуурсган түрүүлнэ шүү дээ.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ