Бүх сум, суурин газарт сүлжээгээ нэвтрүүлж байгаа нь улсынхаа хөгжилд оруулж буй бидний хувь нэмэр

-Монгол залуус нэгдэн Юнител компани байгуулж байсан нь саяхан санагдана. Харин одоо Үндэсний хэмжээний групп болтлоо өргөжсөн байна. Ер нь ямар компаниуд танай “Юнител” группээр овоглодог юм вэ?
-Анх 2006 оны зургадугаар сарын 26-ны өдөр Үүрэн холбооны оператор болох “Юнител” компани байгуулагдаж билээ. Өдгөө долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд компани маань нэлээд өргөжлөө. Хэрэглэгчдийн маань бааз суурь, нийгэмд эзлэж байгаа байр суурь, ажилтнуудын тоогоор ч нэлээд том хэмжээнд хүрсэн гэж бардам хэлнэ. Өнгөрсөн хугацаанд бид маш их зүйлийг хийж бүтээсэн. Одоогоор манай группийн харъяанд IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэгч “Univision”, сансрын холбооны “Monsat”, Orbitnet, “MCS com”, “Skynetcom”, “Skynetworks” компаниуд ажилладаг.
-Тэгвэл Монголын хичнээн сум, сууринд “Юнител”-ийн хэрэглэгчид байна вэ?
-Одоогийн байдлаар 350 гаруй сум, суурин газар болон уул уурхай, аялал жуулчлал, зам дагуух газруудад “Юнител”-ийн сүлжээ орсон. Энэ нь Монгол орны хүн ам суурьшсан газрын 91.4 хувь гэсэн үг.
-Долоон жилийн дотор улсынхаа 91.4 хувьд нь сүлжээгээ нэвтрүүлнэ гэдэг том амжилт болов уу. Бэрхшээл их байсан байх.
-Монгол Улсын хүн ам тархан суурьшсан, том газар нутагтай. Тиймээс улсынхаа 100 хувьд нь сүлжээгээ нэвтрүүлнэ гэдэг хөрөнгө оруулалтын хувьд ч, үр ашгийн хувьд ч маш хэцүү. Гэхдээ “Юнител” группийн хувьд аль болох хүн ам суурьшсан сум, суурин газар, хүмүүс олноороо зорчдог “А” зам дагуу, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар, аялал жуулчлалын бүс нутгуудад сүлжээгээ оруулж ирсэн. Таны хэлснээр долоон жил гэдэг ийм ажил амжуулахад маш богино хугацаа.
-Монгол залуучуудын байгуулсан компани групп болтлоо өргөжиж бас хэдхэн жилийн дотор улсынхаа ихэнх сум, сууринд хүрч ажиллаж байгаагийн нууц юу бол?
-Хамгийн гол нь бидний дотоод зохион байгуулалт, инженер техникийн ажилтнуудын маань ур чадвар маш сайн байдаг. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид маань бидний гаргасан хамрах хүрээгээ тэлье, үүрэн холбооны салбарт ажилласан шиг ажиллая гэсэн сэтгэлийг маань дэмжиж энэ бизнесийг томоор харсан учраас амжилттай урагшладаг.
-Манай улс эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй. Сүлжээний аюулгүй байдал, чанарын баталгаа ямар байдаг вэ?
-Дээр хэлсэнээр тархан суурьшсан хүн ам бидний ажилд хүндрэл учруулдаг. Ер нь цахилгаанаар ажилладаггүй зүйл ховор шүү дээ. Орон нутагт цахилгаан тасрах бол бараг хэвийн үзэгдэл. Тиймээс бидэнд мотор асаах хэрэг гарах жишээтэй. “Юнител” группийн хувьд энэ эрсдлийг тооцож сүлжээгээ нэвтрүүлсэн бүх газартаа мотор байршуулсан. Тэгж байтал орон нутагт бензин бас тасрах тохиолдол бий. Энэ мэт хүндрэлийг тоочихоос илүүтэй давж, туулахын төлөө явж байна.
-Мотор асаах зэргээр алслагдсан сумдыг “Юнител”-ийн сүлжээтэй байлгахад ашигтай байдаг юм уу?
-Шилэн кабель хүрээгүй газар цөөнгүй бий. Тийм тохиолдолд бид сансарын холбоо ашигладаг. Сансарын холбоо маш өндөр өртөгтэй. Сансарын холбоо ашиглаж байгаа үед бид ашиг олохоосоо илүүтэй алдагдалтай ажилладаг. Гэхдээ бид эрсдлээ үүрдэг. Яагаад гэвэл бид үүрэн холбооны салбарт бизнес хийе гэж зорьсон учраас хүн бүрийг холбох сүлжээг байгуулах ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
-Бидний нэг дуудлага, нэг мессежний цаана маш их хөдөлмөр, сэтгэл шингэсэн байдаг бололтой.
-Зарим инженер маань 3.5 жилийн дотор 250 мянган км явчихсан байх жишээтэй. Нэг удаагийн томилолтоор хоёр сар явсан хүмүүс ч олон байна. Зургаан жил шинэ жилийн баяраар сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах гээд ажиллаж байсан хүн ч бий. Ер нь баяр ёслолын үеэр 20-30 хүнтэй баг сүлжээнийхээ аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байдаг. Үүгээрээ манай залуус бахархаж байдаг нь хамгийн сайхан даа.
-Сүлжээ оруулаагүй үлдсэн сумдаа хэзээ холбоожуулах вэ?
-Дэд бүтэц хөгжөөгүй зарим суманд сүлжээгээ нэвтрүүлж амжаагүй байна. Мөн цаг хугацаа богино байсантай холбоотой хүсэлтээ ирүүлсэн зарим сум, суурин газарт хүрч амжаагүй. Гэхдээ энэ 2013 онд багтаж бүх сум, суурин газарт сүлжээгээ нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа.
-“Сүлжээгээ оруулаач” гэдэг хүсэлтүүд сумдаас ирдэг гэж та ярьсан. Чухам танай үйлчилгээний ямар давуу талыг харгалзан хүсэлтээ ирүүлдэг юм бол?
-Хүсэлтээ ирүүлсэн хэд, хэдэн сумын Засаг даргатай уулзаж, ярилцсан. Тэдний ярьж байгаагаар “Юнител”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хямдрал урамшуулал нь хэрэглэгчдэд таатай байдаг юм байна. Мөн манай сүлжээг чанартай гэж үнэлдэг гэдгийг хэлж байсан. Гуравдугаарт, “Юнител” монголчуудын үүсгэн байгуулсан групп. Тэр утгаараа монголчуудынхаа үйлчилгээг ашиглах сонирхолтой байдаг юм байна.
-Монгол залуусын бизнесийг дэмжиж элгэмсүү хандаж байгаа нь та бүхэнд сайхан байдаг байх. Хэрэглэгчдээ татах бас нэг том шалтгаан болов уу?
-Анх “Юнител” гэдэг үүрэн холбооны компаниа байгуулж сүүлд нь бусад мэдээлэл, технологийн компаниудыг нэгтгэж групп болгож мэдээлэл, харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна. Монгол групп учраас хэрэглэгчдийн маань төлж байгаа мөнгө Монголд хөрөнгө оруулалт болж үлддэг. Тэр хэрээрээ Монголын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэдгийг хэрэглэгчид маань ухамсарласан байдаг нь сайхан санагддаг.
Энэ компани байгуулагдсан цагаасаа монгол инженерүүдээ ажиллуулж байсан. Одоо ч энэ группийн бүх ажилтнууд монгол хүн байдаг.
-Тэгвэл боловсон хүчнээ хэрхэн сонгодог вэ. Мэргэжлийн сургууль төгссөн залуус танайд шууд ажилд орох боломж бий юү?
-Бүх хүнд манай үүд хаалга нээлттэй. Тухайлбал, Техникийн газарт ихэвчилэн ШУТИС, МУИС төгссөн залуус орж ирдэг. Ер нь манай ажилтнуудын ихэнх нь Монголдоо сургууль төгссөн залуус.
-Монголд сургууль төгссөн залуус шаардлага хангадаггүй гээд гадаадаас өндөр цалинтай боловсон хүчин ажиллуулдаг компаниуд бий. Монголд төгссөн инженерүүд танай компанийн шаардлагыг хангадаг уу?
-Хаана ч сургууль төгссөн ажлын байран дээр суралцах зүйл маш их байдаг. Өнөөдөр “Юнител”-ийн инженер, техникийн ажилтнууд хаана ч гологдохооргүй ажиллаж байна. Дэлхийн аль ч орон мэргэжлээрээ, хийдэг ажлаараа өрсөлдвөл ялгарах инженерүүд манайд байдаг учраас гадаадаас боловсон хүн авах шаардлага байхгүй.
Бид сургуулиа төгссөн залуучуудыг аваад дадлагажих хугацаанд нь бүх хийх ажилд нь сургаж өгдөг. Тиймээс манай залуучууд маш хурдан хугацаанд өсч, дэвждэг.
-Сум бүрт сүлжээгээ оруулахаар хэрэглэгчдийн тоо өснө. Баяраар ачааллаа даахгүй байх зэрэг эрсдэл бий юү. Найдвартай байдлаа хэр хангасан бэ?
-Хэрэглэгчийн өсөлтөө тооцоолж төлөвлөгөөгөө гаргадаг. Сүлжээний даах хэмжээнээс илүү олон хэрэглэгч орж ирэх зэрэг асуудлыг Чанар, хяналтын хэлтэс маань байнга хянаж байдаг. Тиймээс цаг тухай бүрт өргөтгөл хийж, арга хэмжээ авдаг. Тэгэхээр сүлжээ тасарна гэж хэрэглэгчид маань айлтгүй.
Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйл эсвэл зам засч байгаа компаниуд шилэн кабель таслах зэрэг эрсдэл бий. Ийм тохиолдолд олон улсын стандартад заасан хугацаанд засварлах арга хэмжээ авдаг.
-Одоо цагт орон нутагт гар утсаар ярих хангалтгүй болжээ. Үүрэн холбооны сүлжээтэйгээ хамт интернэт нэвтрүүлж байна уу?
-“Юнител” хөгжлийн хамгийн сүүлчийн үе шат болох 3.5G сүлжээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар нийслэл хот болон 14 аймаг, уул уурхайн бүс нутгуудад 3.5G сүлжээ нэвтэрсэн. Энэ онд багтаж бүх аймагт 3.5G сүлжээ нэвтрүүлнэ.
-Ирэх онд танай групп бүх сум, суурин газарт сүлжээгээ нэвтрүүлж хүн бүрийг холбоотой амьдруулах нь. Бас аймаг бүрт 3G үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна. Өөр ямар зорилттой ажиллаж байна вэ?
-Интернэтийн хэрэглээ жил ирэх тутам өсч байна. Дэлхийн чиг хандлагаар жилд интернэт хэрэглэгчид 2-5 дахин өсч байгаа. Мөн “Юнител”-ийн хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тутам өсч байгаа. Тиймээс багтаамжийн өргөтгөлөө цаг тухай бүрт нь хийнэ.
Баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ