Ардын жүжигчин Б.Зангад: “Сүлд модны наадмын дуу”-г давж гарах бүтээл алга

Шинэ жилийг урин дуулсан дуу, хуур хаа сайгүй хангинаж, сүлд модод өнгөө гялбуулан айсуй баярыг дохиолох цагаар Ардын жүжигчин Б.Зангад гуайг зорилоо. “Цалин мөнгөн тэнгэртээн Цасан угалз наадуулсан Цагнаан торгон өмсгөлдөөн Цацаг чимэг сагсуулсан” хэмээн түүний дуулж амьдруулсан “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр монголчууд нэг ч удаа шинэ оноо угтаж, хуучнаа үдэж үзээгүй. “40 гаруй жил дуулагдсан дуу маань залуу байхад дуучин нь харин хөгширч байна шүү” гэсээр тэрээр угтлаа.
-Сайхан өвөлжиж байна уу? -Өвөл сайхан болж байна. Цагаан сар арай болоогүй ч европын тооллоор он солилцох мөч айл буучихлаа.-Шинэ жилийн дуу хуур цангинаж, гэрэл гялбаа гялалзсан энэ өдрүүдийг таны дуулсан “Шинэ жилийн дуу”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоо ч гадаа аялгуу нь сонсогдож байна. Дуу бүтсэн түүх, дуулж амьдруулсан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу? -Одоогоос 47-48 жилийн өмнө юм даа. 1962 оны арванхоёрдугаар сарын 25-ны үед С.Гончигсумлаа гуай дуудаад “Би чамд шинэ жилийн тухай дуу хийсэн. Ирж дуулаарай” гэлээ. Дууг нь авч үзээд арванхоёрдугаар сарын 29-нд Монголын радиод очиж бичүүлэхэд миний ард дуурийн театрын эмэгтэй найрал дуучид хоолой хийсэн. Оркестргүй, дан төгөлдөр хуураар тоглосон юм. Гавьяат жүжигчин Банди агсны гэргий Маргерита Григориева багш төгөлдөр хуур тоглож, эмэгтэй найрал дуучид дуулж, С.Гончигсумлаа гуай цонхны цаанаас хараад зогсч байсан нь нүдээ аниад сонсохоор одоо ч харагдах шиг болдог юм.
Тэрнээс хойш 47, 48 жил энэ дуу монголын ард түмний сэтгэлд мөнх үлдэж дээ. Дууны шүлгийг нь үгийн агуу мастер Ж.Бадраа агсан бичсэн. Үг, ая хоёрын наалдац их сайтай. Тэр үеийн уран бүтээлчид юмыг сэтгэлээсээ хийдэг байсан нь тэр л дээ. Мөнгөний төлөө бус, монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист эгшиглэж, хүн болгоныг шинэ жилээ энэ дуугаар угтдаг болгох сайхан уран бүтээл хийе гэж хоёр агуу хүн тохиролцсоноор дуу бүтсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд бичлэгт ороод 30-нд гэхэд орон даяар цацагдаж эхэлсэн юм. Түүнээс хойш олон жил амьдарч, энэ дуугүйгээр он солилцох, шинэ жил тэмдэглэх явдал байдаггүй, уламжлал болоод тогтчихсон. Тэр үед би сургууль төгсч дуучин болоод удаагүй байлаа. Дуулах хувь тохиосны хувьд өөрийгөө азтай гэж боддог. Хорвоо намайг элээж байхад, дуу маань улам өнгөжиж, үе үеийнхэнд өвлөгдөн зон олны билэгдэл болжээ. Шинэ жилийг энэ дуугүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ажил бүтээлийн бүхий л ололт, амжилт энэ дуугаар хангинаж, бие биедээ хүлээлгэн өгч, дараа онд хийх ажлаа хүлээж авч байдаг сайхан уламжлал тогтсонд баяртай байдаг.
-Жил болгоны шинэ жилээр “Сүлд модны наадмын дуу” эгшиглэхэд танд юу бодогддог вэ? -Дуу тэр болгон мөнхөрч үлдэхгүй шүүдээ. Олон сайхан дуу байдаг. Гэхдээ шинэ жил ойртох тусам гудамж талбай,дэлгүүр, зоогийн газар хаана ч энэ дуу л уянгалдаг. Тэр болгонд анх дуулсан уран бүтээлч хүний хувьд сэтгэл өөдрөг, тэртээ өнгөрсөн 1960-аад он, залуу насаа дурсч явах юм даа. Өнөөдөр ч сэтгүүлч та бүхэн уулзаж, түүхээ сурталчлахаар ирсэн нь сайхан санагдаж байна. Дуучин болсныхоо хувьд тодорхой дуунуудыг хүн ардынхаа сэтгэлд хүргэж, шингээж өгчээ, би. Тиймээс үг, аяыг нь дархалж, зохион туурвисан агуу хүмүүст дууг нь мартаагүй яваа шүү гэж хэлмээр байна. Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ дуулж, хөглөж, дуутайгаа хамт амьдарч байгааг тэнгэрийн орноос чагнаж байгаа биз дээ, тэр эрхэм хүмүүс.
-Энэ дууг залуус өөр өөрийнхөөрөө үргэлжүүлэн дуулсаар байна. Хэн нь сайн дуулж вэ? -Залуус их дуулах болж. Тэр энэ гэх юм алга. Хамтлагууд өөр өөрийн хэв маягт оруулаад дуулдаг. Юу нь буруу байхав, сайхан л байна. Ахмадууд бол дурсч дуулна, залуус ирээдүйдээ итгэж дуулна. Өвлөж аваад дуулж байна гэж өөрсдөө сэтгэл хангалуун яваа байх гэж боддог.
-Гэхдээ таны дуулснаар сонсох хүсэлтэй сонсогч, фенүүд олон шүү дээ. Тэр утгаараа шинэ жилийн баяртаа урьж дуулуулах гэсэн урилга, заллага их ирдэг үү? -Ирнээ ирнэ. Орчин үеийн дуу хөгжим гэхээсээ илүү анхалж дуулсан дуучныг нь сонсвол сонин байх болов уу гээд үе үеийнхэн л ханддаг юм. Түрүүчээс нь эхлээд явж байна, дуулж л явна. Өдий насалсан өвгөн дуучныг нижгэнэсэн алга ташилтаар хүлээж авна гэдэг урам хайрлах юм. Би тэдэнд ахмад хүний хувьд буян болж байгаа биз. Харилцан бие биетэйгээ шүтэлцээд явж байх нь юунаас ч илүү эрхэм юм.
-Таны үеийнхэн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байв. Одоо эргээд харахад өөрчлөгдсөн зүйл их байгаа биз? -Би чинь 1940-өөд оны сурагч шүү дээ. Сүлд модны наадмын бэлтгэл гэж хэдэн шөнө нойроо хасна. Өнгийн харандаа, усан будгаар цаасаа будчихаад, хайчилж гинж хийнэ. Хатуу цаасан дээр таван хшуу мал, арван хоёр жилийн дүрс зураад хайчилж сургуулийн заалны хоёр хананы хооронд татсан утсан дээр тохно. Сүлд модныхоо энд тэндээс өлгөнө. Ер нь сайхан харагдсан болгоныхоо дүрсийг зурж, хайчилж, наана. Тэгж л сүлд модоо чимдэг байлаа шүү дээ. Одоотой адил гялалзаж, гялтганасан гоёл чимэг байсан биш. Туулай, үнэг, чоно, баавгайн толгойг дуурайлгаж цаасаар баг хийгээд арыг нь даавуугаар цардан хатаагаад нүд хавьцаа нь цоолон толгойдоо углачихна. Тэрнээс гоё баг байгаагүй л юм даа, бидний үед.
-Өвлийн өвгөн аавын ууттай бэлэг дотор нь юу ирдэг байв? -Одоо бэлгээ зориулалтын эрээн мяраан цаасан уутанд хийчихдэг болж. Бидний багад сургуулийн захиргаанаас уут оёж ирэх даалгавар өгдөг. Өнгө өнгийн даавууны өөдсөөр уут оёод авч очно. Хүүхэд бүрийн уутанд сургуулийн захиргаанаас гурав, дөрвөн ширхэг бираанаг хэдэн ёотон хийнэ. Чихрийг цаастай чихэр, алаг чихэр гэдэг байсан юм. Тийм чихэр ганц хоёрыг хийчихнээ бас. Тийм л бэлэг авдаг байлаа.
Одоогийн өвлийн өвгөний бэлэг том хайрцагтай, бараг гадна талынх нь зураг хөргийг хараад гаднаа ийм юм чинь дотор нь юу байгаа бол гэж сэтгэл хөдөлмөөр харагдах юм. Цагийн юм цагтаа гэгчээр өвгөн аавын бэлэг бидэнд асар их урам хайрладаг байлаа.
-Онц сурсан хүүхдийн бэлэг бусдаасаа өөр үү, эсвэл? -Тэднийг өнгийн болон балын харандаа, дэвтэрээр шагнана. 48 хуудастай дэвтэр гэдэг чинь онц сурлагатнуудын авдаг бэлэг байлаа. Шинэ жил төдийшүй аливаа баяр ёслол эрин цагийнхаа хөгжлийн хэмжээгээр өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг жамтай. Цаашид улам сайхан болох биз ээ
-Та өвгөн ааваас бэлэг хэр авав? -Дуугаа дуулаадөвөөгөөсөө бэлгээ авна, үнсүүлнэ. Бэлэг авч, өвгөн ааваар үнсүүлсэн хүн гэдэг чинь одоогийн бурхан багшаас адис авч байгаатай бараг адил байлаа. Урлаг уран сайханд хүчин зүтгэсэн гэж магтаад зогсохгүй “Миний хүү сайн дуулж яваарай” гээд толгой илнэ. Тэр үед багш нарт толгойгоо илүүлсэн хүн мундагт тооцогддог байлаа. Тэрэндээ их итгэлтэй. Тэгж урам хайрлана гэдэг өөрөө агуу юм. Тэр урмаараа бид сурч, хөдөлмөрлөж ирсэн дээ.
-Ингэхэд та хэдэн настайгаасаа дуулсан бэ? -Би 1946 онд сургуулийн босго алхаж ороод 1947 оноос дуулсан. Тэр үед “Гурван баатар” гэж эх орны сэдэвтэй дуу байсан юм. Тэрнээс гадна “Өнчин хөх ишиг”, “Хавар” зэрэг хүүхдийн дуунуудыг дуулна. Тэр үед сүлд модны дуу гэж байгаагүй юм шүү дээ. Миний мэдэхээс Оны эхний шинийн нэгэн, улбар шар нарны гэрэл” гээд дуулдаг байсан. Тэрний дараа 1947 онд С.Гончигсумлаа гуайн дуу орж ирсэн. Түүнээс хойш олон дуу зохиогдсон ч эвдэх бүтээл гарсангүй.
-Нийтдээ хэдэн жил дуулав? -55-хан жил дуулжээ. Гэхдээ би өөрөө чадалтай сайндаа дуулаагүй юм шүү. Үе үеийн яруу найрагч, хөгжмийн зохиолч, хөгжимчид, удирдаач, уран бүтээлчдийн дэмжлэгээр энэ дуунуудыг хийж бүтээсэн юм шүү дээ. Дуулсан дуугаараа хөшөө босголоо. Дууны хоёр дахь хөшөө Ховдод боссон нь “Буянт гол” юм. Нутгийнхаа дууг дуулж, нутагтаа хөшөө босгуулсандаа баярлаж явдаг. “Буянт гол”-оо дуулахад миний Буянт энүүгээрээ ингэж урсдаг, тэр тохойг тэгсхийгээд тойрдог доо гээд дурайтал харагддаг. Сүүлд би өөрийн анхлан дуулсан дуугаар ном гаргасан. Дууны хорвоод орж ирсний ач буяныг эдэлж, 55 жил алаг цэцгийн баглаа, нижгэнэсэн алга ташилт дунд амьдарч явна. Үүнээс илүү ямар эрхэм зүйл, аз завшаан, жаргал байх вэ.
-Таныг залуу байхад шинэ жилийн үдэшлэг залуусыг догдуулсан томоохон баярын нэг байсан уу? -Тэгэлгүй яахав. Бүжиг их хийнэ. Бидний үед хөгжим, хэрэгслийн хувьд хөгжингүй болж, баян хуур, үлээвэр, гуулин хөгжим дэлгэрч, монгол дээлтэй бүжиг эргэдэг байсан бол костьюм, зангиагаар гангардаг болчихсон. Шифр ханхлуулж, зарим нь “Красный Москва” гэдэг үнэртэй ус үнэртүүлсхийгээд, гутлаа гялалзтал тосолчихсон бүжигт ирдэг байлаа. Нэг зүйлийг онцлоход бидний үеийнхэн дуулж, хуурдаж, бүжиг эргэнэ үү гэхээс агсам тавьж, цээжээ ханхалзуулдаггүй байлаа.
-Огт уудаггүй байсан гэвэл худлаа биз? -Уух үедээ ууна аа. Гэхдээ хэ.р хэмжээтэй. Уусан ч ахмад хүний дэргэд дуугарахгүй. Архиныхаа үнэрийг хүртэл дотогшоо залгиад гарна шүү дээ. Бүжиг эргээд, танилцсан хосууд үдэшлэг тараад сугадалцаад яваад өгнө үү гэхээс биш айлын хаалга тогшоод, агсам тавьж, нэгнээ шоглох явдал ер байгаагүй. Баярлаж чаддаг, бие биедээ сэтгэлийнхээ сайхныг илэрхийлдэг. Нэг их айхтар шууд хэлэхгүй ч ажил үйлсээрээ, хөдөлмөрөөрөө, бүтээл сэтгэлээрээ илэрхийлдэг байсан үе дээ.
-Урлагийнхны хувьд баяр ёслолоор гэрийн бараа харахгүй, зав чөлөөгүй байна биз? -Захиргаанаас утасдаад баяраар очиж тоглох хуваарь танилцуулна. Цагаас хоцорч болохгүйг үүрэгдчихнэ. Яваад очно. Нөгөө байгууллагуудын зүгээс биднийг угтаж, баяр ёслолоо эхлүүлнэ. Дуулж хуурдаж дуусаад явна. Мөнгө төгрөг өгнө гэж байхгүй. Сэтгэл нь хөдөлж, хүндэтгэл үзүүлж гэмээнэ “Баярын бичиг”-ээр шагнадаг байлаа, биднийг. Тэр үеийн хүмүүжил одоо хүртэл биднээс салж өгөхгүй л явна.
-Шинэ жилийн концертонд хамтдаа дуулж явсан үеийнхнээс тань одоо хэн, хэн байна? -Ахмадууд бүгд л байна. Дандаа дуулаад байхгүй бас бүжиглэж явсан хүмүүс бий. Б.Сүрьеэ гэж эстрадын дуучин байлаа, саяхан бурхан болсон. Н.Палам гэж байлаа. Д.Оросоо, Д.Банзрагч нартай дуулж явлаа. З.Цэнд-Аюуш “Ижилдээ ганцхан шарга”, “Такси цоохор машин”-аа дуулахын хажуугаар бүжиглээд л. ..Харин тэр үед бие биеийнхээ дууг авч дуулна гэж байхгүй. Хүмүүсийн бүтээлд дөрөөлж гарч ирнэ гэсэн ойлголт байгаагүй юм. Өөрсдийн анхлан дуулсан дуунуудаа л дуулна уу гэхээс Зангадын “Сүлд модны наадмын дууг” Д.Оросоо хаана ч юм очиж дуулахгүй шүү дээ.
-Одоо огт өөр болсон шүү, тийм ээ? -Орчин үеийн дуучдын ажиллах хүрээ, боломж бололцоо өргөн болжээ. Мэдлэг, мэргэжилтэй, авьяаслаг залуус олон. Техник, шинжлэх ухаан хөгжиж байна. Нэг дууг бичүүлэхэд янз бүрийн найруулга хийгээд хоолойг нь засаад гаргадаг. Бидний үед улаан хоолойгоороо дуулдаг байлаа.
-Таны үеийнхэн, тухайлбал та залуу дуучид, дүү нартаа хандаж юу хэлж, захих, сургамжлах бол? -Захих үг байна аа. Хүний дууг дуулж бололгүй яах вэ. Гэхдээ дуулсан ч хямгатай хандаж, эзнээс нь зөвшөөрөл авдаг . Анхалж дуулсан дуучнаас нь, хөгжмийн зохиолч, үгийн зохиогчоос нь зөвшөөрөл авдаг байх учиртай. Нэгэнт ард түмэнд хүргээд ирсэн дууг дундаас нь булааж, амьд сэрүүн ч бай, бурхан болсон ч бай хүний хийсэн бүтээсэнд дөрөөлж, гарч ирнэ гэдэг байж болохгүй юм. Хоёрдугаарт, өөрсдийгөө олох хэрэгтэй. Нэг дуу дуулж болно, хоёрыг болно. Гурав бол хэрэггүй байхгүй юү. Тэгж байж өөрийгөө би ийм дуучин, энэ дуугаараа алдаршиж гарч ирлээ гээд олон түмэнд таниулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, миний дуулсан “Сүлд модны наадмын дуу”-г нэг залуу дуулаад байж л дээ. Арав, хорин жилийн дараа “Та ямар дуу амьдруулсан бэ” гэж асуухад “Би Зангад гуайн дуулсан Сүлд модны наадмын дууг л дуулж амьдруулсан” гэхэд “Чи шинээр ямар дуу гаргаж ирэв. Монгол түмний оюун санааг ямар бүтээлээр баяжуулсан бэ. Оюуны өмчид юу оруулж ирсэн юм” гэх асуулт гарна. Энд хэлэх үгтэй байх хэрэгтэй.
Залуу үе гарч ирж, дуулж байгаад би баярладаг. Тэднийг тодорхой хэмжээгээр дэмжинэ. Хойчид хэлэх үгтэй байгаарай.Өөрийгөө хөгжүүлж, шинэ бүтээл хийгээрэй. Хүн ардынхаа сэтгэлд мөнхөлж үлдсэн шигтгээ бүтээлүүд туурвиарай. Одооноос хийж эхлэхгүй бол насны өндөрлөгт гарч ирээд амаа барьдаг юм шүү. Тэр үед хүнд ам, санаа хоёр л үлдсэн байдаг гэдгийг залуус, дүү нартаа захимаар байна шүү дээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе? -Баярлалаа. Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа ард түмэндээ, мөн анай сонины уншигчдад ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе. Ирж буй 2011 он та бидэнд аз хийморь, ажил бүтээлийн ундарга хайрласан, хамгийн гол нь эв нэгдэлтэй, бие биеэ хайрлаж, хүндэтгэсэн, урам хайрласан жил байх болтугай.
О.Нэргүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ