
Алгын чинээ хүү алгын чинээ дүүгээ цэцэрлэгээс нь авахыг харлаа. Хүний ах л юм даа, хөөрхий. Би нүдэндээ итгэхгүй шахам, чи дүүгээ ганцаараа авч явж чадах юм уу” гэж хэдэнтээ асуув. Тэр чаднаа гэж итгэлтэй нь аргагүй хэлж байна. Хүмүүс энэ мэтчлэн асуусаар байгаад үнэндээ хайнга хариулдаг болчихож. Дүүгээ даадаг юм уу гэхээр даана л гэнэ. Танай гэр хэр хол юм бэ гэхээр, энүүхэнд Хужирбулангийн эцэст гэх. Эцэс гэдэг нь дүүгийнх нь цэцэрлэгээс даруй гурван буудлын хол. Дүүгээ аваад автобус хүлээнэ, ядахад Хужирбулангийн автобус цаг хүлээлгэх нь энүүхэнд. Автобусны буудлаас гэр нь бас хол. Харин хүүд ойрхон санагддаг.
Ийн Хужирбулангийн цаад захаас наад зах хүртэл дүүгээ үүрч дүүрч яваа хүүг Бат-Ирээдүй гэдэг. Дөрөвдүгээр ангийн 10 настай сурагч. Харин дүү Бат-Ангараг ой гурван сартай. Ахын хичээл зургаан цаг гэж тараад наашаа ирж явсаар байтал оройтож, дүүгээ хамгийн сүүлд авдаг юм байна. Цэцэрлэгийн багш нь оройтлоо гэж загнах ч үгүй, байдлыг мэддэг болохоор. Уг нь дөрөвдүгээр ангийн сурагч ид хөдөлгөөнтэй, хичээл тараад үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож тоглохоос эхлээд “ажил” их баймаар. Харин дүүгээ цэцэрлэгээс нь авах их үүрэг Бат-Ирээдүйн өмнө бий болохоор ёстой хөхүүл хүүхэдтэй эмэгтэй шиг хичээл тарлаа л бол цэцэрлэг руу яарна.
Ер нь жаахан хүүхэд л болохоос эх хүний чанар Бат-Ирээдүйд байнаа. Хошуугаа цорвойлгож ирээд л дүүгээ өхөөрдөх юм. Тэр хөдөлгөөн, дүүгээ өхөөрдөж, хувцаслаж байгаа байдал нь ямар эвлэгхэн гээч. Дүү нь гэж ахыгаа хараагүй байхдаа хүн шиг хүн. Ах нь эвий гээд ороод ирэнгүүт ааш гэж адсага. Ахаасаа өөр хүнийг өөртөө хүргэхээ байчих юм. Уг нь өөрт ахадсан ажлыг нь хөнгөвчилж, ганц өдөр ч болов дүүг нь хувцаслаж өгье гэсэн ч дүү нь бүр оймсонд нь хүрэв үү үгүй юү өмийтлөө уйлна гээч. Дүүгийнх нь памперс гэж “чулуу”. Өдөржин нэг памперстай байлгадаг юм байна. Цэцэрлэгийн багш нь ээж аавдаа дүүгээ солих памперстай авчир гэж хэлүүлээд ч нэмэргүй байгаа гэнэ.

Энэ хооронд аав ээжид нь өөрийн эрхгүй уур хүрэв. Өсгөж чадахгүй юм бол яах гэж хүүхэд гаргадаг байнаа, аль алийг нь тамлаад хаячих юм гэхчлэн. Цэцэрлэгийн багш нь анх аав ээжид нь өөрсдөө хүүхдээ хүргэж бай гэсэн шаардлага тавьдаг байсан боловч амьдралынх нь бололцоо ийм л байгааг сонсоод эвлэрчээ. Бат-Ирээдүйтэй дүүгээ хувцаслах хооронд нь хэдэн үг сольсон юм.
-Чи өдөр бүр ганцаараа дүүгээ авдаг юм уу?
-Тийм.
-Аав ээж чинь яасан юм?
-Аав гэртээ хонодоггүй юм. Ээж орой тардаг. Тэгээд л би авдаг.
-Яагаад аав нь гэртээ хонодоггүй гэж?
-Харуул хийдэг болохоор ажил дээрээ хонодог. Ээж маань аавын ажилладаг компанид үйлчлэгч хийдэг.
-Аав чинь ер амардаггүй юм уу?
-Нэг өдөр ажиллаад хоёр өдөр амардаг.
-Тэгээд хоёр өдөрт нь дүүг чинь хүргэж өгч, авч болдоггүй юм уу?
-Аав аягүй их ядардаг.
-Өглөө ээж нь хүргэж өгдөг үү?
-Үгүй
-Яагаад?
-Ээж өглөө зургаан цаг гээд гэрээсээ гардаг юм. Тэгэхгүй бол оройтно. Дүү бид хоёр босоод цайгаа уучихаад наймд гэрээсээ гардаг. Тэгээд би эргэж ирээд компьютер тоглож байгаад л 1.30-аас хичээлдээ явна. Зургаагаас тараад замаараа энийг /дүүгээ заав/ авчихаад харьдаг.
-Хэдийдээ хичээлээ хийдэг юм бэ?
-Орой.
-Тэгээд хэдэн цагт унтдаг билээ.
-Шөнийн 1,30-д.
-Яагаад тийм орой гэж?
-Яахав дээ, кино үзээд л.
-Та хоёрыг харихад ээж чинь ирчихсэн байдаг уу?
-Үгүй. Ээжийн ажил долоод тардаг.
-Очиход гэр чинь хүйтэн байгаа даа?
-Үгүй. Агаа нь хичээлдээ явахдаа зуухандаа нүүрс хийгээд гардаг тийм ээ. /дүүгээсээ асуулаа/
-Ээжийгээ иртэл тэгээд хоолгүй юу?
-Боов байгаа, тэрийгээ иднэ ш дээ.
Бат-Ирээдүй дүүгээ хувцаслаж аваад дааж ядан гарлаа. Гадаа бүрэнхий болж байна. Доошоо уруудаж автобусны буудал ортол бас ч гэж зайтай. Агаа нь арай чүү дааж байгаа болохоор дүүгийнх нь гэдэс, шилбэ нь гарчихсан тууж явна.

Монголд олон олон Бат-Амгалан, Бат-Ирээдүй нар биенээ өсгөж байна. Уг нь юун дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх, дөрөвдүгээр ангийн хүүхэд өөрөө сургуульдаа хүргүүлэх ёстой. Хүүхэд өсгөж хүмүүжүүлж, сурч боловсруулах үүргээ ухамсарласан эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь зөөж ч байгаа. Бүр их ярих юм бол боломжтой айлын 12 дугаар ангийн хүүхэд хүртэл машинаар хүргүүлдэг. Баячууд хүүхдийнхээ аюулгүй байдалд нь санаа тавьж, мөргөлдлөө гэхэд яах ч үгүй гэж Лексус зэргийн том машинаар хүүхдийн унаа хийдэг болсон. Гэтэл Бат-Ирээдүй нар болохоор өмнөө дүүгээ, хойноо цүнхээ тэврэн харанхуй гудмаар тэмтчиж явна. Зам зөнгөөрөө гарна, хүүхэд гэнэн, эрсдэл их. Ядахад хотын захын замаар жолооч нар галзуу хулгана шиг л давхилдаг.
Бат-Ирээдүй нарын айсуй өвлийн ирээдүй аягүй бүрхэг байна. Дүүгийнх нь бие томорч, хувцас зузаарна. Одоо дааж ядаж яваа хүн өвөл яах юм, бүү мэд. Цасан дээр чирэх үү, яах бол.
Энэ мэтчилэн ахын үүргээ давуулан биелүүлж байгаа “жишээ”-г баахан өрөвдлөө. Надтай адилхан олон хүн өрөвддөг ч яаж ч тусалж чаддаггүй. Төр хүртэл юу ч хийж чадахгүй байгаа... Ингээд бодохоор биеэ засаад төрөө засах уу, төрөө засаад гэрээ засах уу?
Л.Мөнхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ