
Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт очиж ажил байдалтай нь танилцлаа. Түүнийг ИНЕГ -т ажиллаж байхад "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимаас тэсрэх бодистой төстэй сэжиг бүхий зүйл илэрсэн. Сайд А.Гансүхийн удирддаг Иргэний нисэхийн Аюулгүй байдлын үндэсний зөвлөл шуурхай арга хэмжээ авч онц байдал зарлаж, нисэх буудал аюулгүй ажиллагаагаа хангасан арга хэмжээг шуурхай авлаа.
Сэжиг бүхий зүйлийг журмын дагуу тусгаарлаж, аюулгүй байдлын шалгалтыг дахин хийж нөхцөл байдлыг 10.22 минут гэхэд хэвийн болгож нислэгийг үргэжлүүлэв.
Үүний дараа салбарын сайд Иргэний нисэхийн газар, Нисэхийн хөдөлгөөнт үйлчилгээний алба, Чингис Хаан буудлын аэродром, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны ажил байдалтай танилцаж, тэдний санал бодлыг сонссон. ИНЕГ-ын дарга С.Батмөнх салбарын сайдад иргэний нисэхийн салбарт хийж байгаа болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээллийг өгсөн.
ИНЕГ-ынхан салбарынхаа сайдтай уулзахдаа төрийн болон хувийн хэвшлийн тээвэрлэгч компаниудыг төрийн зүгээс хэрхэн бодлого гарган дэмжиж ажиллах талаар голлон сонирхож байлаа. А.Гансүх сайд “Далайд гарцгүй хоёр их гүрний дунд байгаа Монгол Улсын хувьд агаарын тээвэрлэлтийн асуудлыг онцгойлон авч үзнэ. Тиймээс “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчдийн статус олгоно. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн авиа компаниудыгаа ч дэмжиж ажиллана гэж мэдэгдэв. Товчхондоо Зам, тээврийн яамны хувьд Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулна гэдгээ онцлов.
Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн үндэсний дөрвөн тээвэрлэгч олон улсын 12 агаарын шугамд нийт 11 агаарын хөлгөөр, хувийн хэвшлийн хоёр агаарын тээвэрлэлт орон нутгийн 12 шугамд тогтмол нислэг үйлдэж байгаа ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ