Биет бус өвийн дотор дурсамжит өв гэж байдаг. Манай улсын хувьд Юнеско-д хоёр дурсамжит өвөө бүртгүүлжээ. Энэ нь ” Монгол Шунхан данжуур”, Лу “Алтан товч" хоёр юм. Ингээд уншигч танд Юнескод бүртгэгдсэн монголчуудын дурсамжит өвийг эргэн сануулая.
“Лу.Алтан товч”
XVII зууны үед амьдарч байсан монголын эрдэмтэн гүүш Лувсанданзан Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийг хамран өгүүлсэн "Эртний хаадын үндэслэсэн төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой" хэмээх шастирыг туурвин зохиожээ. 1651 онд зохиогдсон эл ном дэлхий дахины монголч эрдэмтдийн дунд
“Лу.Алтан товч” хэмээн алдаршжээ.
"Лу.Алтан товч"-д "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “МНТ”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “МНТ”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэт бүтээл юм. “Алтан товч”-ын жинхэнэ эх зохиол болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн Дорнод аймгийн Баянтүмэн хошууны еншиеэбүү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Лу Алтан товч монголын түүх-уран зохиолын судалгааны ховор чухаг, үнэт дурсгал болон мөнхөрчээ.
Лу.“Алтан Товч” өмнө нь 2010 онд Ази-Номхон далайн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдэж байсан билээ.
“Монгол шунхан данжуур”
Ганжуурын тайлбар болох Данжуур судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. Энэхүү "Монгол шунхан Данжуур"-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд 1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм.
Данжуурын дотор бурхны шажны ном голлох боловч уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтжээ. Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй хэвлэмэл шунхан данжуур бол дэлхий дээр ганц хувь байгаа гэж хэлж болохоор чухаг нандин сутра юм.
Уг Данжуур Халхын ван Наянтын хувийн ном байсан бөгөөд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн, Ширнэндамдин жонон ван нар биеэр явж, Наянт вангаас үүрд хадгалахаар хэлэлцэн тохирч, 1925 онд Улаанбаатарт авчирч, Улсын номын санд хадгалсан түүхтэй. Шунхан данжурыг Улаанбаатарт үүрд хадгалах тухай Наянт вантай тусгай гэрээ байгуулсан бөгөөд тэр гэрээг хэлэлцсэн ёсоор чулуун дээр сийлж, номын сангийн үүдэнд тавьсан нь эдүгээ хадгалагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ