Галт зэвсгийн "хэрэглээ" гар утас шиг болох вий...

img

Сүүлийн жилүүдэд Монгол улсад галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх боллоо. Галт зэвсгээс үүдэлтэй гэмт хэрэг өмнөх жилүүдэд хилийн цэргийн анги, нэгтгэлүүдэд гарлаа хэмээн сүр дуулиантай мэдээлэл цөөнгүй гарч байв. Өнгөрсөн жилээс иргэдийн гар дээр байсан галт зэвсгээс үүдэлтэй гэмт хэрэг гарах боллоо. 2011 оны наймдугаар сард л гэхэд компьютер тоглоомын газарт 20 гаруйхан насны залуу найзыгаа буудаж хөнөөчихөөд өөрийгөө мөн буудаж амиа егүүтгэсэн хэрэг гарч байсан. Хэдхэн хоногийн өмнө Налайх дүүрэгт 26–тай залуу галт зэвсгээр сүрдүүлэн дээрэм хийж, хоёр хүнийг гэмтээж, улмаар нэгийнх нь амь насыг хохироолоо. Буу зэвсэг гэдэг хүссэн хэн бүхэнд олддог гар утас  шиг энгийн нэгэн хэрэглээ биш баймаар. Зарим эх сурвалжийн мэдээлснээр мөнгөтэй болоод танил талтай бол хүссэн буугаа худалдаад авах боломжтой. Харин хуулийн хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг  ангийн хэрэгсэл зардаг дэлгүүр  байлдааны зориулалтаас бусад  галт зэвсэг худалдаалдаг аж. Гэхдээ зүгээр лангуун дээрээс бараа сонгох мэт худалдаад авчихгүй. Цагдаагийн байгууллагын зүгээс галт зэвсэг худалдан авагчийн сэтгэц, эрүүл мэндийн байдалд тандалт хийж байж  зөвшөөрөл олгодог гэнэ. Нийслэлийн Цагдаагийн Газрын албан ёсны сайтад мэдээлсээр галт зэвсэг худалдан авахыг хүссэн иргэний өргөдөл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт, иргэний үнэмлэх зэрэг байхад л болно гэж мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс галт зэвсэг худалдан авах иргэдээс шаардлагатай материалыг бүрдүүлж авах нь ойлгомжтой ч галт зэвсэгийн “эзэн”  буюу “эзэмшигч” хэн бэ гэдгийг зайлшгүй судалдаг байх ёстой. Нөгөө талаар үйлчлүүлэгчийн гар дээрх галт зэвсэг ямар байдалд хадгалагдаж байгааг, тухайн эзэмшигчийн гэр бүлд хамт амьдардаг хүмүүсийг нь давхар судалж байж иргэдэд зөвшөөрөл олгодог болмоор байна. Эс тэгвэл цөөн хэдэн монголчууд минь зам тээврийн осол гэмтэл, хорт хавдар зэрэгт амь насаа алдаж байгаатай зэрэгцэн галт зэвсгээс үүдэлтэй гэмт хэргийн золиос болж  дуусах нь... Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэлдэг л юм нь цөөн хэдэн монголчууд. Бид хэзээ жаахан гүнзгий сэтгэдэг болох бол
2012-02-07