Сонин борлуулах цэгүүд хаана байна вэ?

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Тиймээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг буулгаж, явган хүний замыг чөлөөлөх хотын даргын захирамж гарсан байдаг.
Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авсан. Иргэдийн олонх нь дэмжсэн учраас төв зам дагуу байрлаж байсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхлээд буй.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна.
Гэтэл ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлын хөлд сонин борлуулдаг цэгүүд үрэгджээ. Өдөр тутмын сонин уншдаг иргэд хаанаас сонингоо авахаа мэдэхгүй, УБ хотоор хэрэн хэсэж явна. Уг нь өглөө бүр сонингийн биржээс борлуулагчид сонингоо аваад цэгүүддээ тараах, байнгын харилцагч байгууллагадаа хүргэж өгөх ажил хийдэг. Гэтэл сонин борлуулах цэггүйгээс өөрсдөө худалдан аваад уншдаг иргэдийн хувьд хаанаас тодруулахаа мэдэхгүй байна.
Нийслэлээс уг ажлыг зохион байгуулж буй. Гэтэл сонин борлуулах цэгүүдийг хаана байршуулж, ажиллуулах тал дээр дорвитой хариулт хэлэх хүн олдсонгүй, мэдэхгүй гээд өнгөрөв.
Харин Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ