Еврази: Тарифыг бүрэн тэглэх бараа бүтээгдэхүүний жагсаалт

Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн тохиолдолд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох юм.
Одоогоор Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ хийж, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авахыг тохирчээ. Тодруулбал, Монголоос нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудад татваргүй нийлүүлнэ. Тухайлбал,
- Мах, махан бүтээгдэхүүний 29,
- Арьс, ширэн бүтээгдэхүүний 60,
- Ноос, ноолууран бүтээгдэхүүний 204,
- ХАА-н бусад бүтээгдэхүүний 73 нэр төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохироод байна.
Ингэснээр манай улсын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд жилд гаалийн 16.6 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:
Харин хэлэлцээрийн хүрээнд доорх жагсаалтад дурдсан бараа, бүтээгдэхүүнүүд татваргүйгээр Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудаас импортоор орж ирэх юм.
Иргэдийн зүгээс Монгол Улсад 375 нэр төрлийн бараа татваргүй орж ирснээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.
Түүнчлэн Монголд үйлдвэрлэдэг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 23 барааг татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг ЕАЭЗХ-нд хүргүүлснээс найман барааг нь хасаж, 11 барааг тарифыг харилцан тохирох нөхцөлөөр зохицуулахаар болж, дөрвөн барааг дэмжээгүй аж.
Татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан найман бараа:
- Шингэн сүү
- Өтгөрүүлсэн сүү
- Шар сүү
- Өтгөн цөцгий
- Даршилсан өргөст хэмх
- Сонгино
- Төмс
- Шар лууван, манжин гэх найман төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байна.
Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй есөн бараа:
- Хайлмал бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
- Цөцгийн тос – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
- Бяслаг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
- Бусад бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
- Өндөг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
- Хатуу улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
- Зөөлөн улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
- Шар айраг – 25 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 18.75 хувь болгоно.
- Цагаан архи – 40 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 30 хувь болгоно.
Харин иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногуудад УИХ дахь байнгын хороод хэлэлцсэн. Улмаар хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад байгаа юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дотооддоо үйлдвэрлэж байгаа 20-иод нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжирна" хэмээн онцолж байгаа.
Харин Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр "Хэлэлцээ хоёр талд ашигтай байх ёстой. Монгол ямар боломж олж авахын хэрээр тийм боломжийг нөгөө талд олгоно гэсэн үг.
Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. УИХ-ын баталчихсан байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол сайд нар ажилгүй болно. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон байна. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа хөрвөх аюултай. Тэгэхээр тэнцвэр байх хэрэгтэй.
Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Харин хэр хэмжээнд худалдаж авахыг бид мэдэхгүй. Нөгөө талдаа хэр хэмжээнд бид зарж чадахыг мэдэхгүй. Засгийн газар худалдаа хийхгүй шүү дээ. Гэхдээ Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого бий. Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу.
Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ. Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ