СИРИЙН ДЭЛХИЙН БАНКАНД ТӨЛӨХ ӨРИЙГ САУДЫН АРАБ, КАТАР БАРАГДУУЛНА

Дайны хөлд нэрвэгдэж сүйдсэн Сири улсын Дэлхийн банкинд төлөх 15 сая ам.долларыг Саудын Араб болон Катар улсууд төлж дуусгахаа мэдэгджээ. Саудын Арабын хийсэн мэдэгдэлд, “Дайны хөлд нэрвэгдэж олон жил зовсон Сирийн өрийг барагдуулж, эдийн засгаа сэргээхэд нь тусалж буй хувь нэмэр” гэж онцолсон юм. Түүнчлэн Сирийн шинэ засгийн газар нь олон улсын санхүүгийн байгууллагатай харилцаагаа сэргээх алхам хийж байгаа үед нь бодит дэмжлэг үзүүлэх юм гэжээ.
Сирийн шинэ засгийн газар одоогоор улсынхаа дипломат харилцааг сайжруулах, эдийн засгаа сэргээх, бүтээн байгуулалт, сэргээн босголтын ажил эхлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Сирийн удирдагч асан Башар Аль-Асадын дэглэмээс хойш, улс орноо орхин дүрвэсэн ард иргэд нь ч буцаж нүүж ирсээр байна.
Ахмед аль-Шараагийн тэргүүлсэн түр засгийн газар улсдаа томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж буй бөгөөд Башар аль-Асадын хүмүүсийн гарт байгаа гол салбаруудаа авилгад идэгдсэн тогтолцооноос салгах оролдлого хийж байна гэж шинжээчид дүгнэж байна. Тиймээс Арабын улс орнууд Сирийн эдийн засгийг дэмжин ажиллах тал дээр цаашид хамтрах төлөвтэй байгаа юм. Харин Сирид тавьсан барууны хориг арга хэмжээ цуцлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл НҮБ-аас, “Сирийн эрх баригчид сэргээн босголт, эдийн засгийн ажиллагааг барууны хориг арга хэмжээг цуцлагдахыг хүлээлгүйгээр” эхлүүлэх ёстой гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ