ИЗРАИЛ БЕЙРУТ ХОТОД АГААРЫН ЦОХИЛТ ӨГӨВ

Израилын арми Ливаны нийслэл Бейрут хотод агаарын цохилт өгч, энгийн иргэдийн амь насанд аюул учруулж байна. Ням гарагт Израилын арми “Хезболла” бүлэглэлийн орогнож байсан барилгаас эд зүйлсийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан. Тушаал гаргасан даруйдаа Бейрутын өмнөд захаас эхлэн агаарын довтолгоогоо эхлүүлж, энгийн иргэдийн орон сууц, дэд бүтцүүдийг сүйрүүлж эхэлсэн байна.
Харин Израилын арми Бейрутэд агаарын цохилт өгөхдөө нарийвчилсан удирдлагатай пуужин ашиглаж буй бөгөөд зөвхөн Хезболлагийн зэвсгийн агуулах, дэлгүүрүүдийг онилсон гэж мэдэгдсэн юм.
Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун энгийн иргэдийг давхар хоморголон устгаж буй Израилын армийн халдлагыг буруушааж, өнгөрсөн 11-р сард гал зогсооход зуучилсан АНУ, Францын эрхбаригчдад Израилын дайралтыг зогсоож өгөхийг хүссэн байна. Тэрээр, “Израилын талаас гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед ч дайралт хийж байсан. Энэ хүчирхийллийг нэн даруй зогсоох ёстой” гэжээ.
Харин НҮБ-аас, “Израилын армийн энгийн иргэд рүү үйлдэж буй хүчирхийлэл нь хоёр улсын хоорондох дайсагналыг дэвэргэж дуусашгүй дайн өдөөж байна” гэж мэдэгджээ.
Мөн НҮБ-ын Ливаныг хариуцсан Тусгай зохицуулагч Жанин Хеннис-Пласшаертын хувьд Хэвийн амьдралдаа эргэн орохыг хүлээж цөхөрөнгөө барж буй хүмүүсийн итгэл найдвар хөсөрдөх вий гэх айдас төрж байна гэж "Х" хуудсандаа нийтэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ