РОМЫН ПАП ФРАНЦИСЫН СУУДЛЫГ ХЭН ЗАЛГАМЖЛАХ ВЭ?

Ромын пап Франциск 88 насандаа лам таалал төгсөж, дэлхийн католик шашны тэргүүний суудал хоосорч үлдэв. Дэлхийн талаас илүү хүн амын итгэл найдварыг тээх, эцэг ламын суудлыг хэн орлох гэх асуудал оршуулгын ёслолтой зэрэгцэн яригдаж эхэллээ.
Тэгвэл Ромын Папын суудал тогтсон нарийн дэг жаягийн хүрээнд явагддаг бөгөөд тодорхой шалгууруудыг давах ёстой. Католик шашны тэргүүн Пап лам нь зөвхөн сүсэг бишрэлийн удирдагч байхаас гадна дэлхийн хэмжээнд ёс суртахууны, заримдаа ч улс төрийн нөлөө бүхий томоохон бэлгэ тэмдэгт тооцогддог.
Тиймээс Пап лам нас барах, эсвэл сайн дураар суудлаа өгөх үед түүнийг залгамжлагчийг сонгох үйл явц эхэлдэг бөгөөд энэхүү сонгууль нь Ватиканд уламжлагдан ирсэн нууцлаг, чанд хатуу дэг жаягтайгаар явагддаг.
Конклав гэж юу вэ? Сонгуулийн нууц өргөө Пап ламыг сонгох сонгуулийг “Конклав” хэмээн нэрлэнэ. Үнэхээр ч Конклавын үеэр кардиналууд буюу сонгуулийн эрх бүхий лам нар Ватиканы Систиний сүмд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан, мэдээллийн аливаа хэрэгсэл ашиглахыг хориглодог. Энэ нь сонгуулийн үйл явцад ямар нэгэн нөлөөлөл оруулах эрсдэлийг бүрэн хаах зорилготой юм.
Одоогийн журмаар 80 нас хүрээгүй бүх кардинал лам нар сонгуульд оролцох эрхтэй. Сонгуульд оролцох лам нар дэлхийн өнцөг булан бүрээс Ромд цугларч, Папын суудал хоосорсон өдрөөс хойш 15-20 хоногийн дотор Конклавыг эхлүүлнэ.
Ингээд Кардиналууд өдөрт хоёр удаа санал хураадаг. Шинэ Папыг сонгохын тулд санал өгсөн нийт кардиналын гуравны хоёрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хэрвээ сонголт хийж чадахгүй бол дахин санал хураалт явагдаж, заримдаа олон хоног үргэлжлэх тохиолдол ч бий. Сонгуулийн явц нийтэд ил болдоггүй. Гэхдээ дүнг олон нийтэд утаагаар дамжуулан мэдэгддэг эртний уламжлал одоо ч хадгалагдсаар байна.
Хар утаа бол сонгогдоогүй харин цагаан утаа шинэ Пап сонгогдлоо гэсэн үг.
Онолын хувьд католик шашинтай ямар ч насанд хүрсэн эрэгтэй хүн Пап болох боломжтой. Гэвч сүүлийн зуу гаруй жилийн турш зөвхөн кардиналуудын дундаас л Пап сонгогдож ирсэн уламжлал тогтжээ. Хэдийгээр Пап ламын сонгууль бол цэвэр шашны дотоод асуудал мэт харагддаг ч дэлхий нийтийн ёс зүй, энх тайван, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд түүний байр суурь ихээхэн жинтэй нөлөө үзүүлдэг. Ийм ч учраас дараагийн Папын нэр хэн байх вэ гэдгээс гадна, түүний алсын хараа, зан чанар, дэлхий дахинд илгээх мессеж юунд чиглэх бол гэсэн хүлээлт өргөн цар хүрээтэй өрнөдөг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ