ГХЭ малын ургийн гажигт нөлөөлөх боломжгүй

img

Сүүлийн жилүүдэд Монголын зарим бүс нутагт мал зулбах, ургийн гаж хөгжилтэй төл төрөх тохиолдол нэмэгдэж буй тухай мэдээлэл гарах боллоо. Зарим нь уран, газрын ховор элемент, уул уурхайн хорт бодистой холбож ярьж байгаа ч шинжлэх ухаан болон мал эмнэлгийн судалгаагаар энэ нь олон талт шалтгаантай, цогц асуудал болохыг харуулж байна. 

Буруу ойлголт хэрхэн бий болсон бэ?

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр газрын ховор элементийн “аюул” гэх асуудлаар хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй мэдээ зориудаар түгээх болсон. Уул уурхайн тоосонцор, зам тээврийн утаа, тэжээллэг бодисын дутагдал зэргийг ГХЭ-ийн нөлөөтэй зориуд хольж буй.  МУИС-ийн байгаль орчны судлаач доктор Ч.Эрдэнэбат “Газрын ховор элементүүд бол технологийн хөгжилд маш чухал нөөц. Гэвч эдгээр бодисыг зөв олборлож, зохистой ашиглах нь чухал. Өнөөгийн судалгаагаар тэдгээрийн хүрээлэн буй орчин, малын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө бараг байхгүй. Харин эрүүл мэндийн асуудал нь өөр шалтгаантай байгааг бид ойлгох хэрэгтэй” хэмээн онцолжээ.

Шинжлэх ухааны судалгааны өнцгөөс, малын ургийн гажиг болон ГХЭ-ийн олборлолт, хүнд металлтай холбоотой байж болзошгүй хордлого хоёрын хооронд шууд шалтгаант хамаарал тогтоосон судалгаа өнөөдрийг хүртэл байхгүй.

 Олон улсын жишээ

 БНХАУ-ын Өвөрмонгол дахь Баотоу хот: Дэлхийн хамгийн том газрын ховор элементийн олборлогч бүс. 2013 онд Greenpeace болон Бээжингийн Байгаль орчны судалгааны хүрээлэн хамтран хийсэн судалгаанд Газрын ховор элемент ялгах явцад үүссэн хаягдал шингэнийг хяналтгүй асгах, химийн бодисын хордолт мал, хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй гэж дүгнэсэн ч Малын ургийн гажиг, зулбалт, мутацитай холбоотой тохиолдлуудыг баримтаар тогтоогоогүй.

США, Калифорни: 1980-1990-ээд онд ГХЭ олборлож байсан ч байгаль орчны шаардлага зөрчсөн тул зогсоож байв. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA)-ийн дүгнэлтээр хөрсний болон усны хүнд металл, радиоактив хольцын хэмжээг хэтрүүлсэн тохиолдол бүртгэгдсэн ч мал, амьтдын нөхөн үржихүйн гажиг тогтоогдоогүй.

Монгол дахь нөхцөл байдал ба мэдээллийн хомсдол

2022 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд “ГХЭ-ийн хайгуултай холбоотойгоор малын зулбалт нэмэгдсэн” гэх орон нутгийн малчдын гомдол гарсан ч Мал эмнэлгийн ерөнхий газар энэ талаар шинжилгээ хийж, бэлчээрийн хомсдол, шим тэжээлийн дутагдалтай холбоотой байж болзошгүй гэж дүгнэсэн. Шинжлэх ухааны хамаарал тогтоогоогүй.

Шинжээчдийн байр суурь

Профессор Эндрю Хант (University of Texas, Байгаль-Хүрээлэн судлаач) “Газрын ховор элементийн олборлолт нь зөв зохион байгуулбал байгальд хор нөлөө бага. Асуудал нь олборлолтын арга техник, хяналтгүй хаягдалтай холбоотой болохоос элемент өөрөө мутац үүсгэгч биш.”

Доктор Т.Чулуунбат (Монгол, ХААИС – Мал эмнэлгийн салбар) “Манай малчдын дунд ураны хойноос одоо газрын ховор элемент гэсэн шинэ хардлага үүсч байна. Гэвч бидэнд лаборатори, дээж, хяналт байхгүй цагт шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийх боломж хязгаарлагдмал.”

Шинжлэх ухаан бол баримт, харин хардлага бол боломжит сэжиг

Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт нь орчны бохирдол үүсгэж болзошгүй ч малын ургийн гажиг зэрэг нөхөн үржихүйн өөрчлөлттэй шууд хамааралтайг нотолсон дэлхий дахины баримт, судалгаа одоогоор алга. Гэсэн ч Монголын нөхцөл, экологийн эмзэг байдал, мэдээллийн хаалттай байдал нь нийгмийн дунд болгоомжлол, үл ойлголцол, хардалт, таамаг, айдсыг бий болгож байна. Иймд  Монгол Улс бие даасан, хараат бус судалгааны багтай болох, олон улсын стандартад нийцсэн хяналт-шинжилгээ хийх, орон нутгийн иргэдтэй ил тод харилцах механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хэрвээ шинжлэх ухаан чимээгүй байвал айдас ярина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ