ОХУ ТАЛИБАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТААС ХАСАВ

ОХУ-ын Дээд шүүх Талибан бүлэглэлийг "террорист байгууллага" хэмээн тодорхойлсон хуучин шийдвэрээ хүчингүй болгож, хоригийг албан ёсоор цуцалсан байна. Афганистаны эрх баригч Талибан бүлэглэлийг ОХУ-ын тал 2003 онд террорист байгууллагын жагсаалтад оруулж, тус бүлэглэлтэй харилцах аливаа үйлдлийг хууль зөрчсөнд тооцдог байв.
Тэгвэл сүүлийн жилүүдэд ОХУ-ын Засгийн газар Талибаны засгийн газартай хамтран ажиллах, уулзалт зохион байгуулах, дипломат төлөөлөгчдийн олон улсын уулзалт, форумд оролцуулах зэргээр харилцаа нь эрс сайжраад байгаа юм. Мөн ОХУ Афганистаны бүс нутагт зуучлагчийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж ирсэн.
ОХУ-ын Дээд шүүхийн энэхүү шийдвэр нь Талибан хөдөлгөөний хувьд дипломат амжилт болж байна. Учир нь Талибаны засгийн газрыг АНУ тэргүүтэй барууны улсууд хүлээн зөвшөөрөөгүй хэвээр буй.
ОХУ-ын Засгийн газар цаашид Афганистаны улс төр нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс Талибан бүлэглэлтэй шууд харилцах шаардлагатай гэж үзсэн юм.
Хэдийгээр ОХУ Талибан бүлэглэлийг террорист байгууллагын жагсаалтаас хассан ч энэ нь охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих, хясан боогдуулах үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрсөн хэлбэр биш юм гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ