ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем DME-/Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын Үнэлгээний холбоо, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран Германы хөгжлийн үнэлгээний институт (DEval)-ийн тусламжтайгаар “Улсын үнэлгээний чадавхын индекс” (INCE)-ийг тогтоох, Дэлхийн банкны Олон улсын үнэлгээний санаачилга (GEI)-ын дэмжлэгтэйгээр Мониторинг, үнэлгээний тогтолцооны шинжилгээ (MESA)-г хэрэгжүүлэх, Мониторинг, үнэлгээний чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, хөгжлийн бодлогын үнэлгээ хийхэд цаашид хамтран ажиллахаар болсныг албан ёсоор баталгаажуулж хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Чадраабалын Өнөрбаяр Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д. Үүрийнтуяа, Үнэлгээ мониторингийн газрын ахлах референт Г.Баярмаа, Монголын Үнэлгээний холбоо ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Ууганцэцэг, Монголын Үнэлгээний холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Ө.Эрдэнэчимэг, Монголын Үнэлгээний холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Даринчулуун нар бусад албаны хүмүүс оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, үнэлгээний чадавхын индексийг тогтоох, хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшин тогтоох, олон улсын үнэлгээ хийх арга аргачлалыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хамтын ажиллагаа нь суурь нөхцөл болох ач холбогдолтой юм гэлээ.
#засгийн_газрын_хяналт_хэрэгжүүлэх_газар
#design_monitoring_and_evaluation
#Монголын_Үнэлгээний_Холбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ