Иргэдийн зээлжих зэрэглэлийг оноожуулна

Өнөөдөр /2025.04.17 /УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж баталснаас хойш нэмэлт болон нэмэлт, өөрчлөлтийг нийт дөрвөн удаа оруулсан байдаг.
Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээлэл бий. Энэ санд 2024 оны 2 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.
Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрхлэх үйл ажиллагаанд зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч хэрхэн, ямар аргачлалаар зэрэглэл тогтоох талаар зохицуулалт байхгүй. Эрх бүхий байгууллага нэгдсэн онооны аргачлал, журам баталснаар зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж буй мэдээллийг зөв ашиглах, бодит байдалтай нийцсэн, нэгдсэн аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох боломжтой болно гэж харж буй.
Зээлдэгчийн хувийн болон өмнөх зээлийн үүрэгтэй холбоотой бодит мэдээлэл нь зээлдүүлэгчийн гаргах зээлийн шийдвэр, зээл эргэн төлөгдөх найдвартай баталгааг хангаж байх учиртай. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг зөв, бодит байдалтай нийцүүлэн ашигласнаар банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтыг тоон мэдээлэл, тодорхой арга, аргачлалыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд зургаан жилээр тусгах зохицуулалтыг уян хатан болгож тухайн зээлдэгчийн онцлог, нөхцөл байдалтай нь уялдсан хугацааг олон улсын жишгийн дагуу нийцүүлэх зохицуулалттай болно гэж хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулжээ.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, зохицуулалт дутагдаж байгаа харилцааг тодорхой болгох замаар зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг тогтоох онооны аргачлалыг эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллагаар батлуулах нь банк, санхүүгийн салбарын дунд, урт хугацааны хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ