ЕАЭЗХ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ''БЛОК''

Өчигдөр /2025.04.16/ УИХ-ын эдийн засгийн, төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад халтай, ноцтой хоёр асуудал яригдсаны нэг нь ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт нэгдэх асуудал байв.
Байнгын хорооны хуралдаанд ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт нэгдэх асуудлыг дэмжүүлэх учиртай оруулж ирсэн Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөрөөс ч энэ холбоонд нэгдэх ёстой гэсэн итгэл үнэмшил харагдсангүй. Ямарсайндаа л УИХ-ын зарим гишүүд ‘’Хүүе Л.Гантөмөрөө чи гишүүдэд нэг итгэл үнэмшил төртөл дэлгэрэнгүй хариулт хэлээч’’ гэж шаардаж байх. Байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн асуудлаа авч гарах сонирхол ч алга. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт оруулж ир гээд буцаалгав.
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт нэгдэх асуудал дахин хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй.
В.Путины байгуулсан хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүн таван улсыг нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь ОХУ-ын шахалт бөгөөд тэд олон улсад хаагдсан бараагаа монголчуудад шахах зорилготой байж болзошгүй. Зөрүүлээд бид ноос, ноолуур хөдөө аж, ахуйн зориулалтай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж буй ч экспортын хувьд бидэнд алдагдалтай.
Монгол Улс ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт орох цаг нь биш
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах асуудал дахин хөндөгдөж, төр, засгийн түвшинд хэлэлцэгдэж буй. Зарим нь үүнийг экспортын боломжийг тэлэх, худалдааны гаалийн саад бэрхшээлийг багасгах ‘’сайн мэдээ’’ хэмээн үзэж байхад нөгөө хэсэг нь ‘’эхэлж бодох ёстой зүйл нь эдийн засгийн аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэл’’ хэмээн болгоомжилж байна.
Монгол Улс одоогийн нөхцөлд ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт орох цаг нь биш. Энэ алхам нь эдийн засгаа тогтворжуулж ч амжаагүй бидний хувьд эрсдэл дагуулна.
Монгол Улс сүүлийн хэдэн жил цар тахал, инфляц, дэлхийн геополитикийн тогтворгүй байдал зэрэг олон сорилттой тулгарч, дотоод эдийн засгийн суурь нэн эмзэг байна. Тийм нөхцөлд худалдааны либерал бодлого нэрийн дор гаалийн хөнгөлөлт, татварын тэглэлтийн бодлого нэвтрүүлбэл дотоодын жижиг, дунд бизнесүүд өрсөлдөх чадамжгүй болж, дампуурал руу хөтлөгдөх эрсдэлтэй.
ЕАЭЗХ бол ОХУ тэргүүтэй төвлөрсөн удирдлагатай, гишүүн орнуудын дунд асимметрик хамаарлыг бий болгосон эдийн засгийн блок. Монгол шиг нээлттэй, жижиг эдийн засаг ийм холбоонд түр зуур нэгдлээ гэхэд яг ямар эрх ашгийг хамгаалах вэ?
Түр хэлэлцээрийн ард юу байна вэ?
Түр хэлэлцээр гэдэг нэр зөөлөн сонсогдож болох ч бодит байдал дээр энэ нь худалдааны нөхцөл, хөнгөлөлт, эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг. Хэлэлцээрийн ард бодлогын болон стратегийн урт хугацааны үр дагаврууд нуугдаж байдаг. Хэрэв өнөөдөр экспортын замаа хөнгөвчлөхийн тулд түр хэлэлцээрт гарын үсэг зурбал маргааш эдийн засгийн хамаарал, улстөрийн шахалтад орох эрсдэл бодитоор тулгарна.
Хэн хожиж, хэн хохирох вэ?
ЕАЭЗХ-ны доторх гол тоглогч ОХУ-ын бараа бүтээгдэхүүн манай зах зээлийг шууд эзэлнэ. Бид үйлдвэрлэлээ сэргээх гэж оролдож буй энэ үед хямд өртөгтэй, төрийн дэмжлэгтэй орос бараа орж ирвэл манай үйлдвэрлэгчид өрсөлдөөнд ялагдах нь гарцаагүй.
Энэ нь зүгээр нэг бизнес дампуурах асуудал биш. Үүний ард ажлын байр, татварын орлого, эдийн засгийн тусгаар тогтнол гэсэн томоохон асуудал яридана.
Шийдэл нь юу байж болох вэ?
Монгол Улс гадаад худалдааны чиглэлд олон тулгуурт, уян хатан бодлого барих нь зөв. Гэвч энэ нь гэнэт нэг зүгт хэлбэлзэж, эдийн засгийн суурь аюулгүй байдал алдагдах хэмжээнд очиж болохгүй. Бид экспорт, худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд нэгдүгээрт дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хоёрдугаарт гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлэх, гуравдугаарт хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах замаар илүү тогтвортой өсөлт рүү дөхөх ёстой.
Тиймээс ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт орох нь Монголын хувьд эдийн засгаа дэмжих алхам бус, харин ч эмзэг байдал, хамаарлыг нэмэгдүүлэх буруу шийдвэр болохыг онцлох сануулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ