Д.ТРАМП НАТО, НҮБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООХ САНАЛ ГАРГАВ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа 2026 оны санхүүгийн жилийн Төрийн департаментын төсвийг эрс танах санал гаргасан талаар “Reuters” болон “Associated Press” агентлагууд мэдээллээ.
Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх санхүүгийн жилд зориулсан төсвийн төсөлд Төрийн департаментын зардлыг 50 хувиар буюу 30 тэрбум орчим ам.доллароор бууруулах санал тусгагдсан байна. Уг баримт бичгийг АНУ-ын Удирдлага, төсвийн алба (OMB) боловсруулжээ.
Цагаан ордны зүгээс АНУ-ын 10 Элчин сайдын яам, 17 консулын газрыг хаах санал дэвшүүлээд зогсохгүй, Төрийн департаментын харьяанд үйл ажиллагаа явуулж буй Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төсөвт ч мөн ижил таналт хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн, НҮБ болон НАТО зэрэг олон улсын байгууллагуудад олгож буй санхүүжилтийг бүрэн зогсоох, гадаад орнуудад үзүүлдэг тусламжийг хоёр дахин бууруулах, гадаад дахь эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоох зэрэг санал багтжээ. Гэсэн ч ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг халдварт өвчний эсрэг чиглэсэн зарим хөтөлбөрийн бага хэмжээний санхүүжилтийг хэвээр үлдээхээр тусгасан байна.
“AP” агентлагийн мэдээлснээр, уг төсөл нь урьдчилсан шатандаа байгаа бөгөөд эцэслэн батлагдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Төрийн департамент болон Конгресс уг төслийг дэмжихгүй байх өндөр магадлалтай гэж тус агентлаг онцолжээ.
OMB-ын төлөөлөгч “Санхүүжилтийн талаарх эцсийн шийдвэрүүд хараахан гараагүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ